Доломитын хайлж буй мөсөн голоос Дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсэрч дэлбэрэх бодис илэрчээ
Мөсөн голын ухралт сүүлийн жилүүдэд хурдассан тул зун бүр илүү олон тэсрээгүй сум гарч ирж, уулчдад аюул учруулж байна.

Гардиан сонины мэдээлснээр, Италийн Доломитын уулс дахь хурдацтай ухарч буй мөсөн голуудаас энэ зун Дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсрээгүй бөмбөгийн томоохон нөөц илэрсэн гэж Италийн арми мэдэгджээ. Армийн Жулиа уулын бригад 100 гаруй жил мөсөнд хадгалагдсан 250 тэсэрч дэлбэрэх төхөөрөмжийг зөөж, саармагжуулсан байна. Тэдний дунд Италийн их бууны сум, Францын миномётын мина байжээ.
Эдгээр зэвсэг нь 1915 оноос 1918 он хүртэл Австри-Унгарын арми, Италийн цэргүүдийн хооронд аюултай, хүйтэн уулархаг нутагт өрнөсөн цагаан дайн хэмээх тулалдааны үлдэгдэл юм. Зуны турш явган аялагчид Трентиногийн зүүн хэсгийн Примьеро хөндийн Канал Сан Бово орчимд бөмбөг харсан тухай хэд хэдэн удаа мэдээлсний дараа цэргүүд тэнд болон Трентино-Альто Адиже мужийн өндөр уулын бусад мөсөн голд өргөн хүрээтэй шалгалт хийжээ.
Бригадын мэдээлснээр, илрүүлсэн 250 тэсрэх бодисын дунд Италийн 75 мм-ийн их бууны 18 сум, Дэлхийн нэгдүгээр дайны үед Италийн хааны армид нийлүүлж байсан Францад үйлдвэрлэсэн Тевето маягийн 37 миномётын мина багтжээ. Явган аялагч, уулчдад олсон тэсрэх төхөөрөмжид хэзээ ч хүрэлгүй, цагдаад даруй мэдэгдэхийг зөвлөж байна.
Цагаан дайны үлдэгдэл хайлж буй мөсөн голоос гарч ирж байгаа нь анх удаа биш бөгөөд мөсөн голын ухралт арав гаруй жилийн турш хурдассаар байна. Бергамогийн их сургуулийн профессор, Стелвио үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өв соёлын төслийн зохицуулагч Стефано Морозини үүнийг дэлхийн дулаарлын шууд үр дагавар гэж тайлбарлав. Тэсрэх бодисын зарим нь энэ цэцэрлэгт хүрээлэнгээс олдсон юм. «Зарим нь аль хэдийн тэсэрсэн ч ихэнх нь тэсрээгүй тул одоо дахин ил гарч ирэхдээ маш аюултай болж байна» гэж тэр хэлжээ.
Голчлон Трентино-Альто Адижегийн Доломит, Ломбардын Альпийн нуруунд өрнөсөн цагаан дайны түүх 1990-ээд он хүртэл мөсөнд хөлдсөн мэт хадгалагдаж байв. Дараа нь дэлхийн дулаарал зэвсэг, чарга, захидал, өдрийн тэмдэглэл зэрэг сайн хадгалагдсан олон дурсгалыг ил гаргаж эхэлжээ. Стелвиогийн даваа руу харсан 3 095 метр өндөр Скорлуццо уулын оройд агуйд ухаж барьсан модон хуаран 2015 онд түүнийг бараг зуун жил битүүмжилсэн мөс бүрэн хайлсны дараа дахин ил гарчээ.
Дэлхийн нэгдүгээр дайн 1918 оны 11 дүгээр сард дуусахад уг хоргодох байрыг яаран түгжиж, цэргүүд эд зүйлсийнхээ ихэнхийг орхин явсан байна. Дотроос нь сүрлэн ор, хувцас, дэнлүү, сонин, ил захидал, зоос, лаазалсан хүнс сайн хадгалагдсан байдалтай олджээ. Эдгээр дурсгалыг байршуулах цагаан дайны музей 2027 оны 6 дугаар сард Бормио хотод нээгдэх юм.
Цагаан дайн сая гаруй хүний амь авсан гэж үздэг ч цэргүүдийн ихэнх нь цасан нуранги, уулнаас унах, хөлдөлтөөс болж амиа алдсан гэж таамагладаг. Сүүлийн 15 жилд хайлж буй мөснөөс хэдэн арван цогцос, заримыг нь бүр дүрэмт хувцастайгаар илрүүлжээ. Италийн нэгэн цэргийн цогцосны хамт түүний хэн болохыг тогтоосон бичиг баримт Пресена мөсөн голоос олдсоны дараа 2017 онд ар гэрийнхэн нь түүнийг оршуулж чадсан байна.
Морозинигийн хэлснээр, зуны хүчтэй халалт Доломитын мөсөн голд очихыг улам аюултай болгож байна. 2022 онд Мармолада мөсөн голын асар том хэсэг тасарч унахад 11 хүн амиа алдсан юм. «Өндөрлөг газарт халуун давалгаа маш удаан үргэлжилж байгаа тул зуны улиралд мөсөн голд очих бараг боломжгүй болж байна» гэж тэр онцолжээ.



