Эболагаас эдгэрсэн хүмүүс вирусийг бэлгийн замаар дамжуулж болох ч хөлс, шүлсээр дамжуулахгүй гэж ДЭМБ мэдэгдэв
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эдгэрсэн эрэгтэйчүүдийг үрийн шингэний шинжилгээ хийлгэх боломжгүй бол 12 сарын турш аюулгүй бэлгийн харьцаа баримтлахыг зөвлөж байна.

Эболагаас эдгэрсэн хүмүүсийн үрийн шингэнд вирус үлдсэн тохиолдолд бэлгийн харьцаагаар дамжуулж болзошгүй ч эмчилгээнээс гарах шалгуурыг хангасан хүмүүс хөлс, шүлсээр вирус дамжуулахгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тайлбарлажээ. Энэ тухай Премиум Таймс сонин мэдээлэв.
ДЭМБ-ын Африкийн бүсийн газрын онцгой байдлын хариу арга хэмжээний хөтөлбөрийн менежер Патрик Отим вирусийн талаарх асуултад хариулсан бичлэгтээ ингэж тайлбарласан байна.
Отимын хэлснээр, эдгэрсэн эрэгтэйчүүд эмчилгээний төвөөс гарсны дараа аюулгүй бэлгийн харьцааны зөвлөгөө авч, бэлгэвч авах боломжтой байх ёстой бөгөөд дараалсан хоёр сөрөг хариу гарах хүртэл үрийн шингэний шинжилгээг тогтмол хийлгэх шаардлагатай. «Эдгэрсний дараа, ялангуяа вирус удаан хадгалагддаг өвчтөнүүдэд Эбола вирус бэлгийн харьцаагаар дамжиж болно» гэж тэрбээр хэлжээ.
ДЭМБ шинжилгээний хөтөлбөр байхгүй тохиолдолд эдгэрсэн эрэгтэйчүүдийг 12 сарын турш аюулгүй бэлгийн харьцаа баримтлахыг зөвлөдөг.
Отимын тайлбарласнаар, эдгэрч эмчилгээний төвөөс гарсан хүмүүсийн цуснаас вирус арилсан тул тэд хөлс, шүлсээр вирус дамжуулж чадахгүй. Өвчтөнүүд эмнэлгээс гарахаас өмнө цусны хоёр сөрөг шинжилгээтэй байх ёстой. Харин идэвхтэй өвчилж буй хүмүүс хөлс болон бусад биеийн шингэнээр Эбола дамжуулж болохыг тэрбээр анхааруулжээ.
Энэхүү тайлбар Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Кенийг хамарсан Эболагийн тархалт үргэлжилж буй энэ үед гарсан юм. Нигери 10 дугаар сарын 20-нд гаднаас орж ирсэн тохиолдол баталгаажуулсан бөгөөд Абужад амьдардаг Угандад төрсөн 42 настай эмэгтэйг 10 дугаар сарын 26-нд нөхрийн хамт Швейцарь руу нүүлгэн шилжүүлжээ.
Конгогийн Нийгмийн эрүүл мэндийн яамны мягмар гарагт нийтэлсэн мэдээллээр, тус улсад 10060 баталгаажсан тохиолдол, 4887 нас баралт бүртгэгдээд байна.



