Эппл компани айфоны гарт 100 мянга орчим үг, хэллэгийг нууцаар хязгаарласан нь илэрчээ
Жагсаалтад Трампыг дарангуйлагч гэсэн хэллэг, Путиныг дурдсан орос хэллэг багтжээ.
Эппл компани айфоны үйлдлийн системд бараг 30 хэлээр 100 мянга орчим үг, хэллэгийг гулсуулж бичих болон урьдчилан таамаглах функцээр бичих боломжгүй болгосон саарал жагсаалттай болохыг судлаач Дерик Кауфман илрүүлснийг Медуза сайт мэдээлжээ.
Эдгээр үг, хэллэгийг хориглоогүй, хэрэглэгч үсэг бүрийг тус тусад нь дарж бичих боломжтой. Энэ талаар анх Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Жагсаалтын ихэнх нь бүдүүлэг, доромжилсон, хар тамхи, бэлгийн харьцаа, хүчирхийлэлтэй холбоотой хэллэг боловч заримд нь Дарангуйлагч Трамп, Нойрмог Жо зэрэг улс төрийн хэллэг, Төвдийн тусгаар тогтнол, Нэгдсэн Ирланд зэрэг илэрхийлэл багтжээ.
Кауфманы сайтад нийтэлсэн жагсаалтад орос хэлний 637 бичлэг байгаа бөгөөд ихэнх нь бүдүүлэг хэллэг юм. Медузагийн анзаарснаар, тэдгээрийн дунд цэрэг оруулах тухай, 2008 оны Гүржтэй хийсэн дайны тухай хэллэгүүд болон Оросын ерөнхийлөгчийг дурдсан нэг хэллэг бий.
Кауфман жагсаалтыг олохдоо ОпенЭйАй компанийн Кодекс, Антропик компанийн Клод Код зэрэг хиймэл оюуны програмчлалын хэрэгслийг ашигласан байна.
Эппл компани Кауфманы дүгнэлт болон зарим улс төрийн хэллэгийг хязгаарласан шалтгааны талаар тайлбар өгөөгүй ч хэрэглэгчид тодорхой үг, хэллэгийг ямагт бичиж, автомат санал болголтоос татгалзаж болно гэж мэдэгдсэн.
Кибер аюулгүй байдлын Толмо компанийн инженер Мэтт Суише ижил жагсаалтыг бие даан сэргээж, Кауфманы дүгнэлтийг Эпплийн дотоод өгөгдөлтэй тулган баталжээ.


