Эппл компани М6 процессортой шинэ 14 инчийн Макбүүк Про танилцуулав
Шинэ зөөврийн компьютер цэнэглэлгүйгээр 24 хүртэл цаг ажиллах бөгөөд үнэ нь 1999 ам.доллараас эхэлнэ.
Эппл компани М6 процессор дээр суурилсан шинэ 14 инчийн Макбүүк Про танилцуулжээ. Энэ тухай Медуза сайт мэдээлэв. Төхөөрөмжийг 10 дугаар сарын 28-наас урьдчилан захиалах боломжтой бөгөөд шинэ Макбүүк Про 11 дүгээр сарын 6-наас худалдаанд гарна.
Компанийн мэдээлснээр, шинэ М6 чипийн үзүүлэлт өмнөх үеийнхээс эрс ялгаатай. Түүний 12 цөмт график процессор 30 хүртэл хувиар хурдан бөгөөд хиймэл оюун ухааны даалгавар гүйцэтгэдэг 16 цөмт хоёр блок өмнөх чипээс 1.9 хүртэл дахин өндөр гүйцэтгэлтэй. Ингэснээр хэрэглэгчид гурван хэмжээст загварчлал, тоглоом, зураг засварлах ажлыг хурдан гүйцэтгэж, хэлний том загваруудын хүсэлтийг шууд Макбүүк дээрээ үр дүнтэй боловсруулах боломжтой болно.
Шинэ төхөөрөмж Мак компьютеруудын дунд дээд амжилт болох цэнэглэлгүйгээр 24 хүртэл цаг ажиллах хугацаатай бөгөөд батарейг ердөө хагас цагт 50 хувь хүртэл цэнэглэж болно. Макбүүк Вай-Фай 7, Блютүүт 6 дэмждэг, 12 мегапикселийн камертай, Сандерболт 4-ийн гурван порттой.
Үндсэн хувилбар нь 16 гигабайт шуурхай санах ойтой бөгөөд 32 ГБ хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Төхөөрөмж мөнгөлөг, хар өнгөөр 1999 ам.доллараас эхэлсэн үнээр худалдаалагдана.
Эппл компанийн онцолсноор, 2020 онд гаргасан М1 процессортой загвараас шилжиж буй хэрэглэгчдийн хувьд гүйцэтгэлийн өсөлт онцгой их байх бөгөөд график 11 дахин, хиймэл оюун ухааны гүйцэтгэл 13 дахин хурдан болно.


