Дэлхий

Эстони эзлэгдэх тохиолдолд цахим үйлчилгээгээ гадаадаас ажиллуулах төлөвлөгөө боловсруулж байна

Эстони улс иргэний болон газрын бүртгэлийнхээ нөөц хуулбарыг аль хэдийн Люксембургт хадгалдаг ч одоо эзлэгдэх тохиолдолд төрийн үйлчилгээгээ үүлэн технологи руу шилжүүлэхээр бэлтгэж байна.

Newsweek3 мин унших

Зураг: Newsweek

Эстони гадаадын гүрэнд түрэмгийлэгдэж, эзлэгдсэн тохиолдолд төрийн цахим үйлчилгээгээ гадаадаас ажиллуулах боломж бүрдүүлж, “сүйрлийн үеийн тэсвэрт чадвараа” нэмэгдүүлэх стратеги боловсруулж байна.

Энэ нь батлан хамгаалахын нэгэн компанийг хорлон сүйтгэх оролдлого гарсанд Таллин Москваг буруутгаж, Оростой хиллэдэг авто замын боомтоо хаахаа зарласан үетэй давхцаж байна.

“Газар дээр цэрэг орж ирээд бид ажиллах боломжгүй болох” нөхцөлд төрийн үйлчилгээгээ үүлэн технологи руу шилжүүлэхээр бэлтгэж байгаагаа Эстони мэдэгджээ.

Цахимжилт өндөр хөгжсөн Эстони улс иргэний болон газрын бүртгэл, хууль тогтоомжийнхоо нөөц хуулбарыг Люксембург дахь “цахим элчин сайдын яамандаа” аль хэдийн хадгалж байгаа юм. 2007 онд гурван долоо хоног үргэлжилсэн өргөн хүрээний кибер халдлага төрийн үйлчилгээг тасалдуулж байсан бөгөөд Таллин үүнд Оросыг буруутгаж байв.

Politico сонины мэдээлснээр, гол үйлчилгээг тасралтгүй ажиллуулах төлөвлөгөөнд Microsoft, Amazon зэрэг компанийн үүлэн үйлчилгээ (Microsoft Azure, Amazon Web Services) дээр суурилсан аюулгүй аппликейшн бүтээх ажил багтжээ. Мөн Эстони Европын бусад хэсэгт байршуулсан төрийн өөрийн үүлэн платформтой болно.

Төрийг “хамгийн хүнд хувилбаруудын” дараа сэргээн босгох суурийг хадгалах шаардлагатай гэж Эстонийн засгийн газрын мэдээллийн технологийн архитектурын зөвлөх Аллан Алмере Politico-д хэлжээ.

Орос НАТО-гийн шийдэмгий байдлыг сорихын тулд Эстони руу хязгаарлагдмал довтолгоо хийж болзошгүй хувилбарыг Дайны судалгааны хүрээлэн (ISW) есдүгээр сард дэвшүүлсэн юм.

Гэхдээ Москва НАТО руу довтолж “шинэ томоохон фронт нээхээр бэлтгэж байна гэж үзэх үндэслэл байхгүй” гэж Эстонийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Сусан Лилльевяли есдүгээр сард хэлж байв. Тэрбээр “Орос Европын аюулгүй байдалд хамгийн ноцтой, урт хугацааны аюул хэвээр байгаа ч бид тайван, сэрэмжтэй, бэлэн байх ёстой” гэж нэмж хэлсэн юм.

Эстони Оростой 183 миль урт хилтэй. Тус улс Москвагийн үйлдсэн гэж үздэг хорлон сүйтгэх халдлага огцом нэмэгдсэнд удаа дараа түгшүүр илэрхийлсээр ирсэн.

Таллин дахь нисгэгчгүй онгоц үйлдвэрлэгч Threod Systems компанид галдан шатаах халдлага үйлдэхийг Оросын цэргийн тагнуулын алба ГРУ тушаасан гэж Гадаад хэргийн сайд Маргус Цахкна мэдэгдлээ. Эрх баригчдын хэлснээр, Бямба гарагийн шөнийн 3.06 цагт тус үйлдвэрийн байранд нэвтрэх оролдлого гарчээ.

Украинд дрон нийлүүлдэг Таллин дахь Milrem Robotics компанид наймдугаар сарын 15-нд гарсан галд ч Москваг буруутгаж байсан юм.

Боомтуудыг хаах нь Оросын дайсагнасан үйл ажиллагаа явуулах чадварыг бууруулж, хориг арга хэмжээг тойрох эрсдэлийг багасгана гэж Цахкна хэлжээ. “Боомтуудыг хааснаар бид Кремльд Оросын дайсагнасан үйлдэл үнэ төлбөргүй өнгөрөхгүй гэсэн тодорхой мессеж илгээж байна” гэж мэдэгдэлд дурджээ.

Литва, Финлянд, Латви улсад шийдвэрийн талаар мэдэгдсэн гэж Цахкна хэлсэн байна. Латви өнгөрсөн долоо хоногт Балтийн хамгаалалтын шугамын хүрээнд Оростой хиллэдэг зүүн хилийнхээ дагуу бетон “лууны шүд” саад байрлуулж, танкийн эсрэг шуудуу ухахаа зарласан билээ.

“Бэхлэлтэд хөрөнгө оруулж, нөөц хүчээ бэхжүүлж, нутаг дэвсгэрийн хамгаалалтаа хөгжүүлж, хүн амаа тасалдалд бэлтгэснээр Балтийн орнууд алсын хараатай гэдгээ харуулж, өөрсдийн аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээж байна” гэж GLOBSEC судалгааны төвийн НАТО-гийн шинжээч Рожер Хилтон хэлжээ.

Энэ нь зөвхөн цэргийн төдийгүй Вашингтонд улс төрийн хувьд ч чухал гэж тэрбээр онцолсон байна.

“Өөрсдийн батлан хамгаалалтад хөрөнгө оруулж, хүн амаа бэлтгэж, Оросын аюулыг нухацтай авч үзэж байгаагаа харуулснаар Балтийн орнууд НАТО-гийн холбоотон болохын хувьд найдвартай байдлаа бэхжүүлж байна” гэж Хилтон хэлэв.

Бусад мэдээ