Дэлхий

Путин, Ши Жиньпин нартай дээд хэмжээний уулзалт хийхээр Трамп Ази руу мордож байна

АНУ-ын нэрээ нууцалсан өндөр албан тушаалтны үзэж байгаагаар Трамп гурвалсан уулзалтаар Ираны асуудлыг ярих бодолтой ч Украины дайны талаар ярихгүй байх төлөвтэй байна.

CBS News3 мин унших

Зураг: CBS News

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Даваа гарагт Ази руу хэд хоногийн айлчлалаар мордож байна. Тэрбээр энэ долоо хоногийн сүүлээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзахаар төлөвлөжээ.

Гурван удирдагчийн анхны ийм уулзалт цөмийн зэвсгийн тархалтыг бууруулах асуудалд төвлөрөх төлөвтэй гэж Цагаан ордон мэдэгдэв. Иран, Украин дахь дайн анхаарлын төвд хэвээр байгаа энэ үед уг уулзалт болох гэж байна.

Трамп эхлээд АСЕАН-ы ээлжит дээд хэмжээний уулзалт болж буй Филиппинд очно. Тэрбээр Мягмар гарагт Япон, Энэтхэг, Австралитай Энэтхэгийн далай, Номхон далайн бүсийн аюулгүй байдлын асуудлаар уулзах аж.

Мөн Тайландтай худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурж, Зүүн Өмнөд Азийн болон бүс нутгийн бусад удирдагчдын оройн зоогт оролцохоор төлөвлөжээ.

Лхагва гарагт Трамп Ерөнхийлөгчийн ордонд Филиппиний Ерөнхийлөгч Бонгбонг Маркостой төрийн айлчлалын хүрээнд уулзаж, үдийн зоог барьсны дараа Хятадын Шэньжэнь хот руу нисэхээр төлөвлөжээ. Тэнд тэрбээр Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтад оролцож, гишүүн орнуудын удирдагчидтай уулзаад, Пүрэв гарагт Путин, Ши нартай уулзана.

Цагаан ордны нэгэн өндөр албан тушаалтны хэлснээр, Tesla болон SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Ерөнхийлөгчийг дагалдан явах төлөвтэй ч Путин, Ши нартай хийх уулзалтад оролцохгүй аж.

Трамп тавдугаар сард Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийхээр Хятадад очоод “гайхалтай худалдааны хэлэлцээр” хийснээ онцолсон бөгөөд АНУ, Ираны мөргөлдөөнийг зогсоох хамтын хүсэл байгааг хүлээн зөвшөөрч байв. Ши есдүгээр сард АНУ-д айлчилсан нь арав гаруй жилийн дараа Цагаан ордонд хийсэн түүний анхны айлчлал байв. Тэр үед хоёр орон тарифын дайныг түр зогсоох тохиролцоогоо сунгажээ.

“Ерөнхийлөгч Ираны асуудлыг Ши Жиньпин, Владимир Путин нартай хийх гурвалсан уулзалтдаа хөндөх бодолтой байгаа гэж би бодож байна” гэж нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын өндөр албан тушаалтан сэтгүүлчидтэй утсаар ярьсан үеэрээ хэлжээ.

Ингэснээр Трамп энэ онд Ши Жиньпинтэй гурав дахь удаагаа биечлэн уулзах гэж байна.

Трамп, Путин хоёр хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сард Аляскад Украины дайныг зогсоох асуудлаар уулзсан ч АНУ-ын хүссэн гал зогсоох тохиролцоонд хүрээгүй. Трамп энэ удаагийн уулзалтаар 4 жил хагасын турш үргэлжилж буй Украины дайны талаар ярихгүй байх төлөвтэй.

Трампын айлчлал дотоодын асуудлуудтай давхцаж байна. Тэдгээрийн нэг нь Хятадын тагнуулч гэж сэжиглэгдсэн нэгэн хүнтэй чип үйлдвэрлэгч Nvidia-гийн гүйцэтгэх захирал асан Женсен Хуан дотно харилцаатай байсан нь саяхан ил болсон явдал юм. Бээжин энэ хэрэгт оролцоогүй гэж мэдэгдсэн.

Трамптай харилцаатай Хуан тавдугаар сард Ерөнхийлөгчийн Хятад айлчлалын үеэр Air Force One онгоцоор нисч, есдүгээр сард Трамп Вашингтонд Шид зориулан төрийн хүлээн авалт хийхэд эхнэрийнхээ хамт тэргүүн ширээнд сууж байжээ. Nvidia-гийн асуудал айлчлалд сүүдэрлэнэ гэж бодохгүй байгаагаа Цагаан ордны албаныхан мэдэгдсэн байна.

“Бид Америкийн экспортын хяналтын талаар хэлэлцээ хийдэггүй. Эдгээр нь засаг захиргааны боловсруулдаг үндэсний аюулгүй байдлын асуудал ... тэнд байхдаа Хятадын талтай хийх ямар ч ярианд энэ асуудал огт хөндөгдөхгүй гэж бодож байна” гэж нэгэн албан тушаалтан хэлжээ.

Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник хоёулаа Ерөнхийлөгчийг дагалдан явж байна. Nvidia-гийн хамгийн дэвшилтэт зарим чип Хятадад очихоос сэргийлж чадаагүй гэж Бессент өнгөрсөн долоо хоногт Лутникийг буруутгасан байна.

Бусад мэдээ