Дэлхий

Этиопод Солонгосын дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалын хана нээжээ

Солонгосын дайнд хуурай замын цэрэг илгээсэн Африкийн цорын ганц орон болох Этиопын 122 цэргийн нэрийг хананд сийлжээ.

The Korea Times1 мин унших

Зураг: The Korea Times

Өмнөд Солонгосын Эйч Ди Барилгын тоног төхөөрөмж компани Эх орончид, ахмад дайчдын яамтай хамтран 1950-53 оны Солонгосын дайнд амь үрэгдсэн Этиопын цэргүүдэд зориулсан дурсгалын ханыг Аддис-Абеба хотын Ариун Гурвалын сүмд нээжээ. Энэ тухай Корея Таймс сонин мэдээлэв.

Ёслолыг Лхагва гарагт НҮБ-ын Солонгосын дайны ахмад дайчдыг дурсах олон улсын өдөртэй давхцуулан зохион байгуулжээ. Үүнд компанийн гүйцэтгэх захирал Мун Жэ Ён, Ахмад дайчдын сайд Квон О Ыль, Этиоп дахь Солонгосын Элчин сайд Гу Хон Сок, Этиопын батлан хамгаалахын албаны хүмүүс, ахмад дайчид, тэдний гэр бүлийнхэн оролцсон байна.

Компани, яам 5 дугаар сард НҮБ-ын командлалын дор Солонгост цэрэг илгээсэн орнуудад дурсгалын байгууламж барих санамж бичигт гарын үсэг зурсан юм. Этиопыг анхны газраар сонгож, барилгын зардлыг компани бүрэн хариуцжээ.

Хананд амь үрэгдсэн 122 цэргийн нэрийг сийлсэн хавтангууд, солонгос, англи, амхар хэлээрх талархлын үгс байрлажээ. Мөн Этиопын үндэсний бэлгэ тэмдэг арслантай хамт жагсаж буй Кагнью батальоны цэргүүдийг дүрсэлсэн хүрэл товгор дүрс бий.

“Солонгосын эрх чөлөө, энх тайвныг хамгаалахын төлөө амиа өгсөн Этиопын баатруудын нэрийг мөнхөд сийлсэн нь гүн утга учиртай” гэж сайд Квон хэлжээ.

Компани орон нутгийн байгууллагуудтай хамтран ахмад дайчдын үр удам зэрэг залуучуудад барилгын техникийн оператор, засварын мэргэжил эзэмшүүлэх сургалтын төв байгуулахаар ажиллаж байна.

Этиоп бол Солонгосын дайнд хуурай замын цэрэг илгээсэн Африкийн цорын ганц орон юм. Эзэн хааны харуулаас бүрдсэн Кагнью батальон дайнд 3,500 орчим цэрэг илгээж, 253 тулалдаанд 253 ялалт байгуулсан бөгөөд нийт 122 цэрэг нь амь үрэгдсэн билээ.

Бусад мэдээ