Филиппин, Австрали батлан хамгаалахын шинэчилсэн хэлэлцээрт гарын үсэг зурав
Хэлэлцээрт далай дахь үйл ажиллагаа, мэдээлэл солилцоо, батлан хамгаалахын дэд бүтцийн хамтын ажиллагааг тусгажээ.

Австрали, Филиппин ням гарагт (арваннэгдүгээр сарын 15) цэргийн хамтын ажиллагааг түргэтгэж, Хятадын цэргийн оролцоо нэмэгдэж буй бүс нутагт “саатуулан зогсоох чадварыг бэхжүүлэх” зорилготой батлан хамгаалахын шинэ хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Хэдэн арван жилийн өмнөх санамж бичгийг шинэчилсэн уг хэлэлцээрт Манилад болсон удирдагчдын уулзалтын үеэр Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезегийн дэргэд гарын үсэг зурав.
Манила, Канберра сүүлийн жилүүдэд хуурай газрын цэргийн сургуулилт хийх, стратегийн ач холбогдолтой Өмнөд Хятадын тэнгист хамтарсан далайн эргүүл хийх зэргээр батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа тогтмол нэмэгдүүлсээр ирсэн.
АНУ-ын холбоотон Филиппин Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс нутгаар Хятадтай олон жил сөргөлдөж байна. Бээжингийн байр суурь хууль зүйн үндэслэлгүй гэсэн олон улсын шийдвэр гарсан ч Хятад энэ чухал усан замыг бараг бүхэлд нь өөрийнх гэж үздэг.
“Хэлэлцээр биднийг илүү хурдан, шуурхай болгоно. Энэ нь зохицуулалтын үйл явцыг хялбарчилна” гэж Филиппиний Батлан хамгаалахын сайд Гилберто Теодоро ням гарагийн ёслолын дараа сэтгүүлчдэд хэлэв.
“Энэ нь манай харьяаллын бүсэд найдвартай саатуулан зогсоох бидний байр суурийг бэхжүүлнэ” гэж тэрбээр Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс нутгийг дурдан хэлжээ.
Шинэчилсэн хэлэлцээр Филиппиний цэргийнхэнд Австралийн техник, зэвсэгтэй илүү сайн танилцах боломж олгож, хамтарсан сургуулилтын үйл явцыг хялбарчлахад тусална гэж Теодоро хэлэв.
Австрали, Филиппин 2012 оноос хойш цэргүүддээ бие биеийн нутаг дэвсгэрт сургуулилт хийх боломж олгосон айлчлах хүчний хэлэлцээртэй.
Австралийн Батлан хамгаалахын сайд Ричард Марлес дараа нь гаргасан мэдэгдэлдээ уг хэлэлцээр “манай хоёр орны зэвсэгт хүчний хоорондын практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжин хамтран ажиллах шинэ боломж бий болгоно” гэжээ.
Мэдэгдэлд далай дахь үйл ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох, батлан хамгаалахын дэд бүтэц хөгжүүлэхийг шинэ хэлэлцээрийн гол бүрэлдэхүүн хэсэг гэж тодорхойлжээ.
Марлес өнгөрсөн сард Филиппинд болсон АСЕАН-ы батлан хамгаалахын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтад Хятадын цэргийн хүчин чадал нэмэгдэж байгаа нь Зүүн өмнөд Азид “дарамтын нөхцөл” үүсгэж байна гэж хэлээд, холбоотон, түншүүдийг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг уриалж байв.

