Филиппиний Гадаад хэргийн яам Хятадын талаарх албаны хүмүүсийн мэдэгдлийг шүүмжилж, нэг дуу хоолойтой байхыг уриалжээ
Батлан хамгаалахын сайд Теодоро дипломат харилцааны хөдөлгөөн цэргийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн байна.

Филиппиний Гадаад хэргийн яам ням гарагт бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудын Хятадтай холбоотой мэдэгдлүүдийг шууд бусаар шүүмжилж, бүх албаны хүмүүс Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниорын бодлогын чиглэлтэй нийцэх ёстойг онцолсныг Эр Эф Ай радио мэдээлжээ.
«Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч бол Филиппиний гадаад бодлогын ерөнхий архитектор мөн» гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Мэдэгдлийг Гадаад хэргийн сайд Мария Тереза Лазаро мягмар гарагт Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьсны дараа гаргасан. Яамны үзэж байгаагаар, зарим албаны хүмүүс сүүлийн үед бичмэл нотлох баримт, олон нийтийн өнгө аяс, албан ёсны дипломат мессежийг хольж хутгасан нь харамсалтай.
АСЕАН-ы 49 дүгээр дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 16-18-нд Манилад, АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалт 18-19-нд Шэньжэньд болно.
Хятадын Филиппин дэх элчин сайдын яам сүүлийн үед Филиппиний албан тушаалтнуудыг Хятадын эсрэг гэж буруутгасаар ирсэн бөгөөд Хятадын хориг арга хэмжээнд өртсөн Батлан хамгаалахын сайд Гилберто Теодоро, эргийн хамгаалалтын төлөөлөгч Жей Тарриела нартай ил маргалдаж байжээ.
АБС-ЦБН мэдээллийн сувагт ярилцлага өгөхдөө Теодоро Хятадыг дипломат мессежийг үл тоомсорлодог гэж шүүмжилж, Филиппин Номхон далай руу харсан эрэг дагуу стратегийн цэргийн бааз байгуулах шаардлагатай гэж онцолсон байна.
Хятадын төрийн Глобал Таймс сонин долдугаар сард Филиппиний хойд хэсгийн Батанес арлуудын бүрэн эрхийг Бээжин нэхэмжлэх ёстой гэсэн эрдэмтдийн байр суурийг бүтэн нүүрээр нийтэлж байжээ.



