Тайбэй хотын даргад нэр дэвшигчийн хуурамч бичлэг тараагдсаныг баримт шалгагчид илрүүлжээ
Бичлэгийг хятад хэрэглэгчийн видеог ашиглан нүүр солих аргаар хийсэн болохыг шинжилгээ тогтоосон байна.

Тайванийн олон нийтийн сүлжээнд Ардчилсан дэвшилтэт намаас Тайбэй хотын даргад нэр дэвшсэн Шэнь Боянийг хар тамхи хэрэглэж буй мэт харуулсан бичлэг тархсан ч энэ нь хиймэл оюуны тусламжтай хийсэн хуурамч бичлэг болохыг тогтоосныг Чөлөөт Азийн радио мэдээлжээ.
Тайванийн орон нутгийн сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сарын 28-нд болох бөгөөд Тайбэй хотын даргын төлөөх хөх, ногоон хоёр том хүчний өрсөлдөөн онцгой ширүүн байна.
Ойролцоогоор 23 секунд үргэлжлэх бичлэгт Шэнь Боянтай төстэй эр амнаасаа цагаан утаа гаргаж, ухаан балартсан мэт харагдана. Зарим хаяг бичлэгийг түгээхдээ түүнийг урьд нь хар тамхи хэрэглэж байсан гэж сануулжээ.
Тайванийн Дижитал бичиг үсгийн лаборатори буюу Фэкт Линк байгууллага бичлэгийг шалгаад хуурамч болохыг нотолсон тайлан нийтэлсэн байна.
«Энэ нь үнэндээ хятад нэгэн хэрэглэгчийн бичлэгийг хулгайлан ашигласан юм» гэж Фэкт Линкийн мөрдөн шалгах хэлтсийн дарга Ма Лисинь Чөлөөт Азийн радиод ярьжээ.
Шалгагчид хоёр бичлэгийн арын дэвсгэр, нарийн ширийн зүйл яг ижил байгааг тогтоож, эхлээд нүүрийг сольж, дараа нь хиймэл оюунаар бага зэрэг засварласан гэж дүгнэв.
Ян Мин Жяо Тун их сургуулийн профессор Сюй Жычжун бичлэгийн нэг хэсгийг хиймэл оюун үүсгэсэн болохыг баталсан. Шалгагчийн хэлснээр, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч Лай Чиндэг өрсөлдөгчдөө магтаж буй мэт харуулсан хуурамч бичлэг тарж байсан бол эх бичлэгт тэрбээр тэднийг шүүмжилж байжээ.
Фэкт Линк бичлэгийг анх түгээсэн Тредс, ТикТок, Фэйсбүүк дэх хаягуудыг шалгахад зарим нь өмнө нь хорлонтой хуурамч бичлэг нийтэлж байсан, зарим нь Хятадад байршилтай, зарим нь улс төрийн хиймэл оюуны мийм тусгайлан тараадаг хаягууд байсан юм.



