Улс төр

Финляндыг НАТО-оос гарахыг Орос шаардсан гэх мэдээллийг Финлянд няцаалаа

Германы Bild сонины мэдээлснээр Оросын саналд Балтийн орнуудаас НАТО-гийн баазуудыг гаргах шаардлага ч багтжээ.

Politico EuropeDominic Giannini2 мин унших

Зураг: Politico Europe

Украины энхийн хэлэлцээний хүрээнд Орос Финляндыг НАТО-оос гарахыг шаардсан гэх мэдээллийг Финлянд няцаалаа. Тус улсын НАТО-гийн гишүүнчлэл хэлэлцээний сэдэв биш гэж Батлан хамгаалахын сайд Антти Хяккянен мэдэгдэв.

“Ийм асуудал ямар ч тохиолдолд хэлэлцээний сэдэв болохгүй. Орос үүнийг мэднэ. Ийм зүйл санал болгох нь хүртэл туйлын хэрээс хэтэрсэн хэрэг” гэж Хяккянен Баасан гарагт сэтгүүлчдэд хэлжээ. Энэ тухай Финляндын Yle телевиз мэдээлэв.

Оросын Украин руу эхлүүлсэн бүрэн хэмжээний түрэмгийллийн дараа Оростой 1340 километр хиллэдэг Финлянд гадаад бодлогоо эрс өөрчилж, 2023 онд НАТО-д элссэн юм.

Германы Bild сонины мэдээлснээр, энэ долоо хоногт Абу Дабид болсон хэлэлцээний үеэр Оросын тавьсан саналд эзлэгдсэн Украины нутгийг Москва хадгалж үлдэх, шинээр газар нутаг хяналтдаа авах, Украины боомтуудыг цэрэггүй болгох, Балтийн орнуудаас НАТО-гийн баазуудыг гаргах, Финлянд НАТО-оос гарах зэрэг багтжээ.

Үүний хариуд Орос Беларусиас цөмийн зэвсгээ гаргаж, тэнд дунд тусгалын пуужин байршуулахгүй байхыг санал болгосон гэж Bild мэдээлсэн. Гэхдээ зуучлагчид хэлэлцсэний дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин эдгээр саналын алийг нь дэмжих нь тодорхойгүй хэвээр байна гэж мэдээнд дурджээ.

АНУ-ын талын дэвшүүлсэн дайны дараах Европын аюулгүй байдлын шинэ тогтолцоо “аюултай байж болзошгүй” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлжээ. “Орос НАТО-гийн гишүүн бүх орны ард түмний өмнөөс шийдвэр гаргаж чадахгүй нь гарцаагүй” гэж тэрбээр Баасан гарагт сэтгүүлчдэд хэлэв.

Зеленскийн энэ үг Bild-ийн мэдээлсэн шаардлагад шууд хариулсан хэрэг биш. Тэрбээр Пүрэв гарагт Дублинд АНУ-ын элч Стив Уиткофф, Жаред Кушнер нартай уулзсан бөгөөд үүний дараа ийнхүү мэдэгджээ.

“Путин Европын хилийг өөрчлөхийг хүсэж байгаа нь баримт. Энэ бол түүний Европ дахь аюулгүй байдлын баталгааг эргэн харах үзэл баримтлалын нэг хэсэг гэдэгт би итгэлтэй байна. Миний бодлоор яг ийм зүйлс дайн, хурцадмал байдалд хүргэдэг учраас аюултай” гэж Зеленский хэлсэн байна.

Бусад мэдээ