Европын холбооны Каллас Газын хүмүүнлэгийн хямралд гүнээ санаа зовж буйгаа дахин илэрхийлэв
Каллас Газын энгийн иргэдийг хамгаалж, хүмүүнлэгийн байгууллагуудад саадгүй нэвтрэх боломж олгохыг Израильд уриалжээ.

Хүчтэй үер Газын зурвасыг дайрч буй энэ үед Европын холбооны Гадаад бодлогын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Кая Каллас энгийн иргэдийг хамгаалахыг Израильд уриалав. Пүрэв гарагт Нассер эмнэлэгт агаараас цохилт өгсөн нь “туйлын түгшүүртэй” гэж тэрбээр мэдэгдлээ.
“Газад нүүрлэсэн хүчтэй үер, өвлийн цаг агаар аль хэдийн туйлдсан хүн амын амьжиргааг улам дордуулж, аюултай байдал, хүмүүсийн зовлонг даамжруулж байна” гэж Каллас бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ онцолжээ.
Каллас мөн олон улсын эрх зүйг дагаж мөрдөж, НҮБ болон хүмүүнлэгийн байгууллагуудад саадгүй нэвтрэх боломж олгож, Газ руу орох бүх хилийн боомтыг дахин нээхийг Израильд уриалав.
“Гал зогсоохыг зарласнаас хойш нэг жил өнгөрсөн ч цэргийн цохилт үргэлжилсээр байна. Нэвтрэх эрхийг хязгаарласаар байгаагаас тохиромжтой орон байр, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг зайлшгүй хэрэгцээт зүйлс дутагдсаар байна. Үүнээс болж хүмүүс хүлээн зөвшөөрөхүйц, хүний нэр төрд нийцсэн нөхцөлд амьдрах боломжгүй байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Израиль олон улсын эрх зүйг зөрчиж, хүмүүнлэгийн тусламжийг хааж байна гэдгийг үгүйсгэдэг. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газ руу нэвтрүүлж буй тусламжийн хэмжээг зөвтгөн хамгаалжээ. Израиль Газыг өвөлд бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байгаа ч Хамас террорист бүлэглэлд хүмүүнлэгийн хангамжийг ашиглахыг зөвшөөрөхгүй гэж тэрбээр хэлсэн байна.
Каллас Израилийг апартейдын үеийн Өмнөд Африктай зүйрлэсэн гэж хэвлэлд мэдээлсний дараа Израилийн Гадаад хэргийн сайд Гидеон Саар зургадугаар сард түүнтэй харилцаагаа тасалсан. Хэд хэдэн гишүүн орон Израилийн хууль бусаар эзлэн авсан нутаг дэвсгэртэй худалдаа хийхийг хориглох шийдвэр гаргахыг Европын комиссоос шаардаж ирсэн бөгөөд Каллас тэдний энэ оролдлогыг удаан хугацаанд дэмжсээр ирсэн юм.
Хамас 2023 оны аравдугаар сарын 7-нд халдлага үйлдэж, 1200 орчим хүний аминд хүрч, 250 хүнийг барьцаалсан. Израиль үүний хариуд Газад дайн эхлүүлсэн юм. Түүнээс хойш Палестины энэ нутагт 70000 гаруй хүн амь үрэгджээ.



