Франц Европын арван оронтой хамтран Оросоос хамгаалах цөмийн саатуулах шинэ тогтолцоо бүрдүүлж байна
Цөмийн зэвсэг тээх чадалтай Францын сөнөөгч онгоцуудыг Европын орнуудад байршуулах энэ санаачилга Америкийн цөмийн шүхрийг орлох бус, нөхөх зорилготой.
Франц Европын арван оронтой хамтран Оросыг саатуулах цөмийн шинэ тогтолцоо бүрдүүлж байгааг Уолл Стрийт Жорнал сонин мэдээлснийг Медуза сайт бичжээ. Ерөнхийлөгч Эмманюэль Макроны тэргүүн шугамын саатуулалт гэж нэрлэсэн энэ санаачилгыг 2026 оны 3 дугаар сард анх танилцуулсан бөгөөд цөмийн зэвсэг тээх чадалтай Францын Рафаль сөнөөгч онгоцуудыг Европын орнуудад байршуулахаар тусгажээ. Оролцогчид мөн эрт сэрэмжлүүлэх, тагнуулын мэдээлэл солилцох нэгдсэн систем бий болгохоор төлөвлөж байна.
Францтай Их Британи, Герман, Нидерланд, Бельги, Польш, Грек, Финланд, Норвеги, Швед, Дани нэгджээ. Оросын түрэмгийлэлд хамгийн эмзэг Балтийн гурван улс төсөлд ороогүй бол Итали оролцохоос татгалзсан. Финланд санаачилгад оролцохыг хүсч байгаа ч энх тайвны үед нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байршуулахаар төлөвлөөгүй гэжээ.
Францын албан тушаалтнуудын үзэж буйгаар, Европын хөршүүдийн аюулгүй байдал Вашингтоноос илүү Парист чухал тул шинэ саатуулах тогтолцоо илүү үнэмшилтэй байж болно. Европт мөн шинэ тогтолцоо тивийг хамгаалж буй Америкийн цөмийн шүхрийг орлох бус, нөхөх ёстой бөгөөд Оросын хувьд стратегийн тодорхойгүй байдлын бас нэг хүчин зүйл болно гэж онцолж байна.
Шинжээчдийн хэлснээр, Рафаль сөнөөгч онгоцуудад суурилуулдаг Францын далавчит пуужингууд 1960-аад онд бүтээсэн, Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем хөгжсөнөөр хэрэглээ нь хязгаарлагдаж буй Америкийн Б-61 цөмийн бөмбөгнөөс орчин үеийн дайны нөхцөлд илүү үр дүнтэй.
Макрон мөн Франц хэдэн арван жилд анх удаа цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ сэргээхээр төлөвлөж байгаагаа зарласан. Одоогоор тус улс 290 орчим цөмийн цэнэгт хошуутай бөгөөд цаашид зэвсгийн нөөцийнхөө мэдээллийг ил болгохгүй.
Гэхдээ бодит байдал дээр Франц цөмийн хүчнээ бүрэн хяналтдаа байлгана. «Францчууд бидэнд цөмийн саатуулах хүчээ удирдахад америкчуудын зөвшөөрдөг хэмжээгээр л оролцуулна» гэж төсөлд оролцож буй нэгэн орны сайд хэлжээ. Цэргийн албан тушаалтнуудын хэлснээр, Франц түншүүдтэйгээ хоёр талын хэлбэрээр хэлэлцээ хийж байгаа бөгөөд үүний тулд арван тусдаа бүлэг байгуулсан тул Европын орнуудын батлан хамгаалахын байгууллагын төлөөлөгчид хэлэлцээний талаар мэдээлэл солилцохын тулд бие биетэйгээ байнга холбогдох шаардлагатай болжээ.


