Францад Бямба гарагт 320 мянган хүн жагссан гэж Дотоод хэргийн яам мэдэгдэв
Жагсаалын төгсгөлд Парис болон бусад хотод цагдаа, үймээнчдийн хооронд мөргөлдөөн гарчээ.

Францад гурав дахь Бямба гараг дараалан улс даяар жагсаал болж, Дотоод хэргийн яамны мэдээллээр нийт 320 мянган хүн, тэр дундаа Парист 70 мянган хүн оролцжээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Зохион байгуулагчид Франц даяар хагас сая орчим, Парист 200 мянган хүн жагссан гэж мэдэгджээ.
Өдрийн дундуур Дотоод хэргийн яам нөхцөл байдлыг «ерөнхийдөө тайван» гэж үнэлж, баривчилгаа харьцангуй цөөн байсан гэжээ. Гэвч жагсаал дуусах үед Парис болон бусад хотод хурцадмал байдал үүссэн байна.
Орон нутгийн цагаар 17:00 цагийн орчим Парисын 12 дугаар дүүрэгт цагдаатай анхны мөргөлдөөн гарчээ. Хэвлэл мэдээллийн мэдээлснээр, 300 орчим үймээнчин цагдаа руу чулуу шидэж, цагдаа нулимс асгаруулагч хий, бороохой хэрэглэжээ.
Марсель, Лион, Бордо, Руан, Нантад ч нөхцөл байдал хурцадсан тухай мэдээлэл гарчээ. Яамны мэдээлснээр, хэд хэдэн хотод дээрэм, эвдрэлээс сэргийлж, жагсагчдын цуваа тайван өнгөрсөн ч Марсель, Лион, Бордод радикал этгээдүүд хотын төв рүү нэвтрэхийг оролдсон байна. Орон нутгийн цагаар 18:00 цагийн дараа ч мөргөлдөөн үргэлжилсээр байв.
Өмнөх Бямба гарагт буюу 10 дугаар сарын 24-нд Дотоод хэргийн яамны тооцоогоор улс даяар 410 мянган хүн, зохион байгуулагчдын мэдээллээр 800 мянган хүн жагссан байна. Сүйтгэл, дээрэм, галдан шатаалт дагалдсан 10 дугаар сарын 17-ны анхны томоохон жагсаалд яамны мэдээллээр 550 мянга, зохион байгуулагчдын тооцоогоор 800 мянган хүн оролцсон юм.



