Францын базиликаас Гэгээн Николасын шарилын хэсгийг хулгайлжээ
Сэжигтэн шарил шүтэхийг шүтээн шүтлэгийн нэг хэлбэр гэж үзэн, түүнийг устгах хүсэлдээ хөтлөгдсөн гэжээ.
Францын Сен-Николя-де-Пор хотын базиликаас Гайхамшигт Гэгээн Николасын шарилын хэсэг гэж үздэг ясны хэсгийг хулгайлсныг Медуза сайт Францын орон нутгийн хэвлэлийг иш татан мэдээлжээ.
Санваартнууд хулгайн тухай 11 дүгээр сарын 2-нд мэдээлсэн бөгөөд дараа нь цагдаа сэжигтнийг баривчилжээ. Тэрбээр шилэн хоргыг хагалж, хулгайлсан дурсгалыг шатааж, бутлан устгаснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Сэжигтэн гэнэтийн санаагаар, дурсгалыг “устгах хүсэлдээ” хөтлөгдөн үйлдсэн гэж мэдүүлжээ. Тэрбээр шарил шүтэхийг шүтээн шүтлэгийн нэг хэлбэр гэж үздэг аж.
Устгагдсан хэсэг сүмийн бунханд Гэгээн Николасын хөшөөний доор хадгалагдаж байжээ. Харин базиликагийн гол дурсгал болох гарын хэлбэртэй хайрцагт хадгалсан гэгээнтний ясны хэсэг гэмтээгүй байна.
Халдлага Гэгээн Николасын дурсгалын өдөр болох 12 дугаар сарын 6-наас хэдхэн долоо хоногийн өмнө болжээ.
Гэгээн Николас манай эриний гурав, дөрөвдүгээр зуунд амьдарч, ядууст тусалснаараа алдаршсан юм. Түүнийг хүндэтгэх бэлэг өгөх уламжлал хожим Санта Клаусын дүр төрхийн үндэс болсон.
Гэгээнтний шарилын үндсэн хэсэг Италийн Бари хотод хадгалагддаг бөгөөд тэндээс 1098 онд гарын хэсгийг Франц руу авчирсан байна. Бусад хэсэг нь Венецийн Лидо арлын Сан-Николо сүмд болон бусад орны сүм хийдэд хадгалагдаж байна.



