Гаитичууд гэмт бүлэглэлийн хүчирхийлэлтэй тэмцэхээр ирсэн Сальвадорын цэргийг баяртай хүлээн авч байна
Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле Гаити руу 2000 орчим цэрэг илгээжээ. Тэд нийслэлийн гол цэнгэлдэхийг хамгаалж байна.

Гаитичууд гэмт бүлэглэлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд туслахаар тус улсад байршуулсан Сальвадорын цэргүүдийг баяртай хүлээн авчээ.
Нийслэл Порт-о-Пренсийн гол цэнгэлдэх хоёр жил гэмт бүлэглэлийн хяналтад байсныг Гаитийн аюулгүй байдлын хүчнийхэн пүрэв гарагт эргүүлэн авчээ. Уг цэнгэлдэхийг Сальвадорын цэргүүд хамгаалж байна. Уг цэнгэлдэх Гаити руу илгээсэн 2000 орчим цэрэгт ажиллагааны бааз болно гэж Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле мэдэгджээ.
“Гэмт бүлэглэлүүд намайг гэрээс минь хөөсөн. Түүнээс хойш нэг газраас нөгөө рүү тэнүүчилж байна. Букеле ирснээр эрх чөлөөгөө эргүүлэн олно гэж бодохоор тодорхой хэмжээгээр бахархах сэтгэл төрж байна” гэж орон гэрээсээ дүрвэсэн нэгэн эр хэлжээ.
Букеле цэргүүд нь цэнгэлдэхээс довтолгоо эхлүүлнэ гэж мэдэгдээд, гэмт бүлэглэлийн гишүүдийг тэр бүсээс гарахыг уриалав. “Үлдэж, манай хүчинтэй тулалдахыг сонгосон хүмүүс үр дагаврыг нь хүлээнэ” гэж тэрбээр X сүлжээнд Гаитийн креол хэлээр бичжээ.
Букеле Сальвадорын гэмт бүлэглэлүүдийг дарснаараа олны анхаарлыг татсан ч энэ дарангуйлагч удирдагч хүний эрх зөрчсөн гэх буруутгалд өртөж ирсэн. Сальвадорын Ерөнхийлөгч Порт-о-Пренст отолтод өртөж сураггүй алга болсон дөрвөн цэргийг аврахаар анх Гаити руу цэрэг илгээх тушаал гаргасан юм.
2021 онд Ерөнхийлөгч Жовенель Моизыг хөнөөсний дараа гэмт бүлэглэлүүд хотын өргөн уудам хэсгийг хяналтдаа авчээ. Нөхцөл байдал маш хүнд байгаа бөгөөд хүмүүс гэмт бүлэглэлээс ангижрахыг цөхрөнгүй хүсч байгаа тул олон гаитичууд Букелегийн маягийн хатуу арга хэмжээ авах санааг дэмжиж байна гэж шинжээчид хэлж байна.
Гаити бол тэдний гэр, хүмүүст очих өөр улс байхгүй гэж Порт-о-Пренсийн оршин суугч Венет Деможен хэлэв. “Бид энд амьдарч чаддаг байх ёстой. Бид гаитичууд, өөрсдийн гэртээ байна. Бид өөр улстай дайтаж байгаа юм биш” гэж тэрбээр хэлжээ. Хэрэв Букеле хүсвэл Есүс түүний зүрхэнд хандан ярьж, Букеле гаитичуудад улсыг нь эргүүлэн өгнө гэж Деможен нэмж хэлжээ.
Сальвадорын цэргүүд НҮБ-ын дэмжлэгтэй Гэмт бүлэглэлийг дарах хүчний албан ёсны хүрээнээс гадуур ажиллаж байна.
10 мянган суудалтай уг цэнгэлдэх 2024 онд Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн хамгийн ядуу энэ улсын ихэнх нутгийг хянадаг гэмт бүлэглэлүүдийн гарт орсон юм. Хүчирхийллийн улмаас Гаитийн хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудаа эх орондоо бус Кюрасаод тоглоход хүрчээ.

