Гамбургийн шүүх Хойд урсгал хийн хоолойг дэлбэлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангахаас татгалзав
Яллагдагч Украины иргэний өмгөөлөгчид тэрбээр цэргийн нууц задруулахыг хориглосон тул мэдүүлэг өгч чадахгүй гэж маргасан ч шүүгч Германы хуулиар өмгөөлөл хязгаарлагдахгүй гэжээ.

Германы Гамбург хотын Дээд шүүх Хойд урсгал-1, Хойд урсгал-2 хийн хоолойг дэлбэлсэн хэргийн шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр мягмар гарагт гаргасныг Испанийн ЭФЕ агентлагаас уламжлан Интерфакс агентлаг мэдээлэв. Шүүх хэргийн яллагдагч, Украины иргэн Сергей Кузнецовын өмгөөллийн талаас гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангахаас татгалзжээ.
Өмгөөллийн баг хуучин цэргийн албан хаагч Кузнецовт цэргийн нууц задруулахыг хориглосон тул тэрбээр мэдүүлэг өгч чадахгүй, эс бөгөөс Украинд хатуу шийтгэл хүлээнэ гэж маргажээ. Гэвч шүүгч Анна Майер-Геринг Германы хуулийн дагуу шүүгдэгчийн өмгөөлөл хязгаарлагдахгүй гэж мэдэгдэв. Дараагийн удаа шүүхэд Эрүүгийн мөрдөн байцаалтын газрын шинжээч хийн хоолойд учирсан хохирол, дэлбэрэлтийн боломжит шалтгааны талаар мэдүүлэг өгнө.
Германы прокурорын газар 2025 оны 8 дугаар сард Кузнецовыг Италид саатуулснаа мэдэгдсэн бөгөөд сарын дараа Италийн шүүх түүнийг Германд шилжүүлэх шийдвэр гаргаж, Германд баривчилжээ. Италиас шилжүүлэх үеэр Кузнецов хувийн утасны яриандаа ажиллагааны үеэр Украины Зэвсэгт хүчинд алба хааж, тус улсын аюулгүй байдлын албанд ажиллаж байснаа хүлээсэн байна. Германы ЗДФ телевизийн мэдээлснээр, утасны ярианы үеэрх түүний өөрийнх нь мэдэгдлийн ачаар гэм буруугийн нотолгоо няцаашгүй болжээ.
Хойд урсгал хийн хоолой дээрх дэлбэрэлт 2022 оны 9 дүгээр сард Борнхольм арлын ойролцоо болж, хоолойн дөрвөн шугамын гурав нь гэмтсэн юм. Тухайн үед Хойд урсгал-1 Оросын хийг Германд нийлүүлэх гол зам байсан бол Хойд урсгал-2 хэзээ ч ашиглалтад ороогүй.



