Их Британийн эргэн тойронд Оросын тэнгисийн цэргийн идэвхжил 41 хувиар нэмэгджээ
Британийн фрегатын тоо цөөрч байгаа энэ үед усан дронд түшиглэх шинэ санаачилга гарчээ.

Энэ оны эхний есөн сард Их Британийн эргэн тойронд Оросын тэнгисийн цэргийн үйл ажиллагаа 41 хувиар нэмэгдсэн гэж Британийн батлан хамгаалахын бэлэн байдлын сайд Люк Поллард мэдэгдсэнийг Гардиан сонин мэдээлжээ.
Хааны тэнгисийн цэргийн хүчин Их Британи, Нидерланд, Балтийн болон Скандинавын нийт арван орны хойд тэнгисийн цэргийн санаачилгын хүрээнд усан дрон, байлдааны хөлгүүдийг хооронд нь солбин ажиллуулах төлөвлөгөөгөө зарласан байна.
Поллард энэ эвслийг шар айраг уудаг орнуудын холбоо хэмээн нэрлэжээ. Британийн фрегатын тоо 2021 оны 12-оос 2030 он гэхэд гурав болж буурч болзошгүй байгаа үед энэ санаачилга гарч байгаа юм.
Поллардын хэлснээр Янтарь зэрэг Оросын тагнуулын хөлгүүд Их Британийн чухал дэд бүтэц, усан доорх кабелийн зураглал гаргахыг оролдож байгаа бөгөөд Оросын фрегатууд Хойд тэнгис, Ла-Манш хоолойгоор газрын тосны танкеруудыг дагалдан явж байна.
Гренланд, Исланд, Их Британийн хоорондох гарцад Оросын шумбагч онгоцны хөдөлгөөнийг хянах усан доорх дрон, мэдрэгчид нэмэлт хөрөнгө зарцуулахаар болжээ.
Украин хямд усан дроноор Оросын Хар тэнгисийн флотын гуравны нэг орчмыг устгаж, түүнийг эзлэгдсэн Крымийн Севастопольоос Новороссийск рүү шилжихэд хүргэсэн юм. Украины Их Британид суугаа элчин сайд Валерий Залужный дэлхийн тэнгисийн цэргийн хүчин хамгийн эрс өөрчлөлтийн босгон дээр байна гэж үзжээ.



