Иорданд цагдааг хутгалж хөнөөсөн гэх хуучин ялтныг терроризмын хэргээр ялласан
Сэжигтэн ИСИС-тэй холбоотой хэргээр хорих ял эдэлж байгаад хэргээс хэдхэн хоногийн өмнө суллагдсан байжээ.

Иорданы шүүх Амман хот дахь Шри Ланкийн элчин сайдын яамны гадна цагдааг хутгалж хөнөөж, өөр нэгнийг шархдуулсан гэх эрийг терроризмын хэргээр ялласан байна. Энэ тухай Зэ Нэшнл сонин мэдээлэв.
Цагдаагийн түрүүч Жавад Аль Салайта өнгөрсөн Пүрэв гарагт нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт хутгалуулж амиа алдсан нь 10 дугаар сарын 23-нд Иорданы төв хэсэгт сүмд халдаж 9 эрэгтэйг хөнөөсөн хэргийн дараа болсон юм. Сүмийн халдлагад амь үрэгдэгсдийн ихэнх нь нэр хүндтэй Христийн шашинтан Халаса овгийнхон байжээ.
Хоёр халдлага Иордан даяар цочрол үүсгэжээ. Тус улсад Христийн шашинтнуудын эсрэг хүчирхийлэл ховор бөгөөд түрүүчийг хөнөөсөн нь төрийн аюулгүй байдлын байгууллагын эсрэг илт сорилт гэж олон хүн үзсэн байна.
Үндэсний телевизийн мэдээлснээр, Улсын аюулгүй байдлын шүүхийн прокурорын хэлтэс мөрдөн байцаалтыг дуусгаж, сэжигтнийг терроризмын үйлдэл хийсэн хоёр зүйлээр ялласан бөгөөд үүний нэг нь цагдаагийн амь насыг хохироосон хэрэг юм.
Засгийн газрыг дэмжигч хэвлэлүүд сэжигтнийг Иорданы иргэн Муханнад Аль Хмури гэж нэрлэжээ. 1994 онд төрсөн тэрбээр 2022 онд Ирбид мужид аюулгүй байдлын байгууламж руу халдах төлөвлөгөөнд оролцсон, ИСИС-тэй холбоотой хэргээр 9 жилийн хорих ял авсан бөгөөд мэдээллээр түрүүчээс буу булаахыг оролдсон гэнэ.
Ням гарагт сүмд халдсан хэрэгт сэрдэгдэж буй 5 эрийн шүүх хурал эхэлсэн юм. Засгийн газрын өмчит Жордан Таймс сонины мэдээлснээр, тэдний 3 нь терроризмын хэргээр, нөгөө 2 нь зэвсэг худалдсан хэргээр буруутгагдаж байна.



