Ирак, Газад аадар бороо үер буулгаж, Эрбил хотод хоёр хүн амь үрэгджээ
Газын зурвасын дүрвэгсдийн дор хаяж 70 мянган майхан хагас өдрийн дотор усанд автжээ.

Иракийн хойд хэсэгт гэнэтийн үерийн улмаас хоёр хүн амь үрэгдэж, Газын зурвасын дүрвэгсдийн хуарангууд усанд автсаныг Нэшнл сонин мэдээлжээ.
Иракийн хагас автономит Курдистан бүс нутгийн нийслэл Эрбил хотод бямба гарагийн орой асгарсан аадар бороо хотын ихэнх хорооллыг үерт автуулсныг амбан захирагч Омед Хошнав мэдэгдсэн байна. Үерт таван настай хүүхэд болон хорин хэдэн настай бульдозерчин амиа алджээ.
Эхэндээ 30 орчим миллиметр хур тунадас орно гэж таамаглаж байсан ч оройн долоон цагаас хойш бороо эрс ширүүсэж, урьдчилсан тооцоогоор 80 миллиметрт хүрсэн юм.
Хүүхэд аавынхаа хамт Шинэ Эрбил хороололд машинтай явж байхдаа үерт өртсөн. Хива Сити орчимд аврагчид болон оршин суугчдад тусалж байсан сайн дурын ажилтныг урсгал авч одсон ба хоёулангийнх нь цогцсыг олжээ.
Үерт байшин, дэлгүүр, худалдааны байгууламж, тээврийн хэрэгсэл ихээр хохирч, зам, нийтийн дэд бүтэц, цахилгааны сүлжээ эвдэрсэн байна.
Газад бямба гарагт орсон ширүүн бороо зурвас даяарх хуарангуудад шахцалдан амьдардаг дүрвэгсдийн майхнуудыг усанд автуулж, хөнжил гудсыг нэвт норгожээ. Хамасын удирддаг засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр, сүүлийн 12 цагт дор хаяж 70 мянган майхан усанд автаж, зарим хүн гэмтсэн ч нас барсан хүн бүртгэгдээгүй.
Газын иргэний хамгаалалтын алба дүрвэгсдээс 1500 тусламжийн дуудлага хүлээн авчээ. Хотын захиргаа болон иргэний хамгаалалтын албаныхан түлшний хомсдол, техник эвдэрсэн зэргээс болж шуургыг даван туулах хүч хүрэхгүй байгаагаа мэдэгдсэн.
Израилийн тусламжийн асуудлыг зохицуулдаг Когат агентлаг өнгөрсөн долоо хоногт Олон улсын Улаан загалмайн хорооны шугамаар дөрвөн нэмэлт вакуум машин Газад оруулсан бөгөөд эдгээр нь сүүлийн нэг сард орсон найман машинтай хамт бохир ус шахах ажилд туслах юм.



