Иракийн шүүх Исламын улс бүлэглэлд нэгдсэн Францын долоон иргэнийг хорих ял оноов
Сирээс шилжүүлсэн Францын 47 иргэний шүүх хурлын анхны шийдвэр гарсан нь Европ Исламын улсад нэгдсэн иргэдээ юу хийх вэ гэдэг асуудлаа шийдээгүй байгааг харуулж байна.

Иракийн шүүх мягмар гарагт Исламын улс бүлэглэлийн гишүүн Францын долоон иргэнийг терроризмын эсрэг хуулийн дагуу хорих ял оноожээ. Энэ нь Сирээс шилжүүлсэн Францын 47 иргэний шүүх хурлын анхны шийдвэр юм. Энэ тухай Нэшнл сонин мэдээлэв. Шүүх зургаан хүнд 20 жилийн, нэг хүнд 15 жилийн хорих ял оноосон байна.
Кархын эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч Мохаммед Салман шийдвэрийг нэг нэгээр нь уншиж сонсгосон. Тэрбээр шүүгдэгч бүрт ял нотлоход нотлох баримт хангалттай гэдгийг хэлээд, энэ хэрэгт цаазаар авах ял оногдуулж болох ч амьдралынхаа эхэнд яваа залуу хүн тул өөрийгөө засаж, амьдралын замаа өөрчлөх боломж олгохоор шийдсэн гэжээ. Шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдаж болно.
Ял шийтгүүлэгчид Исламын улс бүлэглэл Ирак, Сирийн өргөн уудам нутгийг захирч байх үед нэгдсэн байжээ. Бүлэглэл 2014 оны дунд үеэс нутаг дэвсгэр эзэлж байгаад 2017 онд Иракт, 2019 онд Сирид ялагдсан юм. Шүүгдэгчдийг мөн нийтийн амгалан тайван, аюулгүй байдалд заналхийлж, хүмүүсийн амь насанд аюул учруулсан террорист ажиллагаанд оролцсон хэргээр буруутай гэж үзжээ.
Ял шийтгүүлэгчдийн нэг нь Алжир гаралтай Францын иргэн, 33 настай Мехди Мохаммед юм. Тэрбээр 10 дугаар сарын 5-нд болсон шүүх хурал дээр Исламын улсад нэгдсэнээ хүлээн зөвшөөрсөн ч Сирийн иргэний дайны үеэр сошиал сүлжээгээр уруу татагдсан гэж хэлээд өршөөл гуйсан. Түүний хэлснээр, 2013 онд Францад оюутан байхдаа Сирийн мөргөлдөөнд сэтгэл зовж байсан бөгөөд Абу Мохаммед аль-Фарааси гэгдэх хүнтэй онлайнаар танилцсаны дараа Алжирт зургаан сар байгаад, 2013 оны сүүлээр Турк руу нисч, хууль бус хил гаргагчдын тусламжтайгаар Сирид орсон байна.
«Бид мусульманчуудын хувьд сиричүүдэд туслах ёстой гэж намайг итгүүлсэн. Би хууртагдсан» гэж Мохаммед шүүгчид хэлжээ. Шүүгч түүнд өмгөөлөгч томилсон юм.
Шүүх хурлууд 9 дүгээр сарын сүүлээр Багдадад эхэлсэн бөгөөд Исламын улсад нэгдсэн иргэдээ юу хийх вэ гэдэг асуудлыг Европ шийдээгүй хэвээр байгааг харууллаа. Олон улсын тусгай шүүх байхгүй, Европын орнууд иргэдээ эх оронд нь буцаахаас татгалзаж байгаа тул Ирак гадаадын дайчдыг шүүх бодит газар болжээ. Энэ оны 1, 2 дугаар сард АНУ-ын арми Исламын улсын гишүүн гэж сэжиглэгдэж буй 5,704 хоригдлыг онгоц, автобусаар Иракт шилжүүлсэн. Иракийн Шүүхийн дээд зөвлөлийн мэдээлснээр, тэд 67 үндэстний хүмүүс бөгөөд 474 иракчууд, 3,497 сиричүүд багтсан байна.
Ирак Исламын улсад нэгдсэн гэж буруутгагдсан мянга мянган иргэнээ шүүсэн бөгөөд террорист бүлэглэлд харьяалагдсан бол цаазаар авах ял оногдуулж болдог терроризмын эсрэг өргөн хүрээтэй хуулийг баримталдаг. Гадаадын иргэд ч мөн адил хувь тавилантай тулгарсан бөгөөд хүний эрхийн байгууллагууд энэ бодлогыг шүүмжилдэг ч Багдад үүнийг бүрэн эрхт байдал, урьдчилан сэргийлэлтийн асуудал гэж хамгаалдаг. 2019 онд Сирээс шилжүүлсэн Францын хэд хэдэн иргэнд Багдадад цаазаар авах ял оноож байгаад дараа нь бүх насаар хорих ялаар сольсон юм.


