Ираны дайны улмаас Африкийн хүнсний аюулгүй байдалд заналхийлэл тулгарч байна гэж худалдааны албаны хүмүүс анхааруулав
Хормузын хоолойн хямралаас үүдэн түлш, бордооны үнэ өсч буй нь ирэх жилийн ургацад нөлөөлж, хүнсний үнийг өсгөж болзошгүй байна.

Аль-Жазиира телевизийн мэдээлснээр, Ойрх Дорнодын мөргөлдөөний эдийн засгийн нөлөөг Африкийн орнууд мэдэрч байгаа бөгөөд түлш, бордооны үнийн өсөлт хүнсний үнийг өсгөхөөр заналхийлж байна гэж бүс нутгийн худалдааны сайд нар, НҮБ-ын худалдааны дээд албан тушаалтан мэдэгдэв. Катарын Доха хотод 10 дугаар сарын 25, 26-нд болсон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Дэлхийн хөрөнгө оруулалтын форумын үеэр тус байгууллагын Олон улсын худалдаа, түүхий эдийн хэлтсийн захирал Лус Мария де ла Мора АНУ, Израилийн Ираны эсрэг дайнаас үүдэлтэй Хормузын хоолойн хямралыг аль болох хурдан шийдэх хэрэгтэй гэв.
“Бордооны үнэ огцом өссөн тул олон орон бордооны хэрэглээгээ багасгахаар шийдсэн нь ирэх жилийн ургацад нөлөөлнө” гэж де ла Мора хэлэв. Түүний хэлснээр, энэ нь хүнсний хүртээмж, үнэд нөлөөлж болзошгүй бөгөөд нефтийн үнийн өсөлт нийлүүлэлтийн гинжийг тасалдуулж, үр дагавар нь хүлээж байснаас удаан үргэлжилж байна. Дайн өмнө нь дэлхийн нефть, шингэрүүлсэн байгалийн хийн худалдааны тавны нэг дамжин өнгөрдөг байсан энэ стратегийн усан замаас дэлхий хэр их хамааралтайг тодруулжээ.
Зимбабвед хүн амын 70 гаруй хувь нь хөдөө аж ахуйгаас амьжиргаагаа залгуулдаг тул түлш, бордооны үнийн өсөлт ноцтой асуудал болж байна гэж тус улсын Эмэгтэйчүүдийн асуудал, олон нийт, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сайд Моника Муцвангва хэлэв. Хөдөө аж ахуй давамгайлсан өөр нэг орон Угандад түлшний үнэ хоёр дахин илүү өссөн гэж Худалдаа, аж үйлдвэр, хоршооны сайд Санжай Танна мэдэгдэв.
Танна өөрийн хэрэгцээндээ зориулсан газар тариалан нь олон улсын зах зээлийн хэлбэлзлээс тодорхой хэмжээгээр хамгаалж байгаа ч валют нь АНУ-ын доллартай харьцуулахад 10 хувиар суларсан бөгөөд Угандын шиллинг 2026 оны дунд үеэс тогтвортой суларч байна гэжээ.
Зимбабвегийн хувьд хямрал хөрөнгө оруулалт татаж, геополитикийн хуваагдлыг үл харгалзан эдийн засгийн харилцаагаа хадгалахын ач холбогдлыг бэхжүүлжээ. АНУ, Хятадын худалдааны дайны дунд Хараре аль ч талын хөрөнгө оруулагчийн түнш болж чадна гэж үзэж байгаа бөгөөд тус улс бүгдийн найз, хэнийх ч дайсан биш гэж Муцвангва хэлэв. Тэрбээр Зимбабве литий, бал чулуу зэрэг 60 гаруй чухал ашигт малтмалын ордтой, аялал жуулчлалын боломжтой гэдгийг онцлов.
Гэвч гадаадын хөрөнгө оруулалт татах нь хөгжиж буй эдийн засгуудад хүндрэлтэй хэвээр бөгөөд хөрөнгө оруулалт харьцангуй цөөн оронд төвлөрдөг. Де ла Мора хөрөнгө оруулагчид хөрөнгө нь өгөөж өгнө гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй тул үүнийг ойлгомжтой гэж үзэж, засгийн газрууд ил тод институци, хууль дээдлэх ёс, найдвартай цахилгаан, эрчим хүч, дижитал холболт зэрэг дэд бүтцэд хөрөнгө оруулах замаар итгэлийг бий болгож чадна гэв.
Олон улсын худалдааны тогтолцоо бүх орныг тэгш харьцдаг уу гэсэн асуултад Танна мэдээж үгүй, шударга бус ч Уганда өөрийн хүнсээ үйлдвэрлэдэг тул ирээдүйд сайн байр суурьтай байна гэж хариулав.
Бүгд Найрамдах Конго Улсын Дэд Ерөнхий сайд Жан-Жак Буя тус улс үндэсний хөгжлийн 2063 оны алсын хараагаа Африкийн холбооны хөгжлийн зорилттой уялдуулж, цахилгаан, дижитал дэд бүтэц, тээврийн холболтыг стратегийн гол цөм болгосон гэв. Конго байгалийн нөөцийнхөө үнэ цэнийг улсдаа илүү үлдээхийн тулд дотоодын боловсруулалтыг өргөжүүлэхийг хүсч байна. “Африк цаашид түүхий эдийн нөөцийн сан байж болохгүй” гэж Буя хэлээд, түүхий эдийг олборлоод өөр газар боловсруулж, хамаагүй өндөр үнээр буцааж худалддаг байдлыг үргэлжлүүлж болохгүй гэжээ.


