Испанид 14 жилийн дотор анх удаа бүх нийтийн ажил хаялт болж байна
Сонгуулиас гурав хүрэхгүй долоо хоногийн өмнө орон сууцны үнийн өсөлт улс төрийн гол сэдэв болжээ.

Испанид түрээсийн үнэ, амьжиргааны өртөг өссөнд дургүйцсэн олон сая ажилчин Лхагва гарагт сүүлийн 14 жилд анх удаа бүх нийтийн ажил хаялтад оролцох төлөвтэй байгааг Си Эн Би Си мэдээлжээ. Ажил хаялт эхэлсэн өглөө Мадридын бөөний худалдааны зах дээр жагсагчид цагдаатай мөргөлдсөн байна.
Түрээсийн төлбөр сүүлийн арван жилд бараг хоёр дахин өсч, олон ажилчин орон сууц худалдан авах боломжгүй болжээ. Испанийн банкны тооцоогоор, тус улсад 750,000 орон сууц дутагдаж байгаа бөгөөд ирэх хоёр жилд 1 сая хүрч болзошгүй юм.
Ажил хаялтыг зарласан хамгийн том хоёр үйлдвэрчний эвлэлийн нэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пепе Альварес “энэ улсад орон сууцны үнийг дийлэх цалин гэж байхгүй” гэж хэлжээ.
Мадрид дахь 87 настай эмэгтэйг орон сууцнаас нь албадан гаргаж, хоёр долоо хоногийн дараа нас барсан нь улс даяар уур хилэн дэгдээжээ. Ерөнхий сайд Педро Санчесийн эвслийн засгийн газар түрээслэгчдийг дэмжих арга хэмжээ батлах оролдлого нь сөрөг хүчинд хаагдсаны дараа 11 дүгээр сарын 29-нд сонгууль зарласан юм.
Гэвч 69 хүний аминд хүрсэн хурдны галт тэрэгний мөргөлдөөн мэтгэлцээнийг аюулгүй байдал, засгийн газрын буруу удирдлага руу шилжүүлжээ.
Консерватив Ардын нам, хэт барууны Вокс нам үйлдвэрчний эвлэлүүдийг одоогийн засгийн газрыг засгийн эрхэнд байлгахын тулд жагсаал зохион байгуулсан гэж буруутгажээ. “Энэ бол бүх нийтийн бус, сонгуулийн ажил хаялт” гэж Ардын намын хэвлэлийн төлөөлөгч Мигель Тельядо хэлсэн байна.
Эль Паис, Кадена СЕР-ийн 11 дүгээр сарын 9-нд нийтэлсэн санал асуулгаар, Ардын нам 31.9 хувь, Санчесийн Испанийн социалист ажилчны нам 29.9 хувь, Вокс 18 хувийн дэмжлэгтэй байна. Ардын нам, Вокс нийлээд 350 суудалтай доод танхимын олонхид шаардлагатай 176-аас давсан 190 суудал авах төлөвтэй гэжээ.
Ийм эвсэл байгуулагдвал 1975 онд Франсиско Франкогийн 36 жилийн дарангуйлал дууссанаас хойш анх удаа хэт барууны нам Испанийн үндэсний засгийн газарт орох юм.

