Италийн кино найруулагч Тинто Брасс 93 насандаа нас барав
Найруулагч «Калигула» киногоороо олон улсад танигдсан юм.

«Калигула», «Салон Китти» зэрэг эротик киногоороо алдаршсан Италийн кино найруулагч Тинто Брасс 93 насандаа нас баржээ гэж Гардиан сонин мэдээлэв.
Түүний эхнэр Катерина Варци, хүүхдүүд нь энэ мэдээг Италийн АНСА агентлагт Лхагва гарагт зарласан байна.
Миланд төрж, Венецид өссөн Брасс Парист Синематекийн засварлагч, архивчаар ажиллаж, Италид буцаж ирээд Роберто Росселлинигийн туслах найруулагч болсон юм.
1970-аад онд тэрбээр эротик кино руу шилжсэн бөгөөд анхны бүтээлүүд нь секс, эрх мэдэл, мөнгөний харилцааг улс төрийн талаас нь судалсан аж.
Пентхаус сэтгүүлийг үүсгэн байгуулагч Боб Гуччионе түүнийг 1979 онд «Калигула» киног найруулахаар хөлсөлжээ. Уг кинонд Малколм Макдауэлл, Хелен Миррен, Питер О'Тул, Жон Гилгуд тоглосон байна.
Гуччионе түүний зөвшөөрөлгүйгээр нэмэлт хэсэг зураглаж оруулсны дараа Брасс киногоо үгүйсгэсэн юм.
Сүүлийн жилүүдэд Ромын захын Изола Фарнезед амьдарч байсан бөгөөд 90 насны төрсөн өдрөөрөө чандраа Венецийн нууранд цацуулах хүслээ илэрхийлж байв.



