Улс төр

Кабо-Вердегийн иргэд ерөнхийлөгчөө сонгохоор санал өгч байна

Сонгуульд ялвал хуульч Жоана Роза Амаду тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болно.

Euronews2 мин унших

Зураг: Euronews

Баруун Африкийн эргийн ойролцоох Кабо-Вердегийн иргэд ням гарагт дараагийн ерөнхийлөгчөө сонгохоор санал өгч байна. Таван нэр дэвшигчийн дунд хоёр дахь удаагаа сонгогдох магадлал өндөр байгаа одоогийн Ерөнхийлөгч Жозе Мария Невеш, тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй нэр дэвшигч Жоана Роза Амаду нар бий.

Санал хураалт өглөөний 8 цагт эхэлж, 10 цагийн турш үргэлжилнэ. Урьдчилсан дүн шөнөдөө гарах төлөвтэй. Хэрэв аль ч нэр дэвшигч үнэмлэхүй олонхын санал авч чадахгүй бол арваннэгдүгээр сарын 29-нд хоёр дахь шат болно.

Сөрөг хүчний Ардчиллын төлөөх хөдөлгөөний (MpD) дэмжлэгтэй 61 настай хуульч Амаду “Кабо-Вердег сонс” уриатай өрсөлдөж байна. Энэ нь “бүх зүйлийг амлах гэсэн үг биш, харин хүн амын бодит санаа зовнил, хүлээлтийг мэдэх явдал” гэж тэрбээр тайлбарласан. “Эмэгтэй хүн ерөнхийлөгчөөр сонгогдвол олон залуу эмэгтэй, охидод төрийн аль ч албан тушаал тэдэнд хаалттай биш гэдгийг харуулна” гэж Амаду хэвлэлд ярьжээ.

Хууль зүйн сайд асан Амаду эрх мэдлийн тэнцвэрийг хадгалах асуудлыг сонгуулийн кампанит ажлынхаа гол сэдэв болгожээ. Невешийг дэмждэг Кабо-Вердегийн тусгаар тогтнолын төлөөх Африкийн нам (PAICV) засгийн газар болон ихэнх хотын захиргааг хяналтдаа байлгадаг бөгөөд энэ намыг тэнцвэржүүлэх хүч улсад хэрэгтэй гэж Амаду үзэж байна.

2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд саналын 52 орчим хувийг авч ялсан Невеш орон сууц, эрүүл мэнд, боловсролыг сайжруулах, ажлын байр бий болгох, цалин нэмэхийн тулд олон намын дэмжлэг авахаа амласан. 66 настай тэрбээр 2001–2016 онд Ерөнхий сайд, PAICV намын даргаар ажиллаж байжээ.

Бусад нэр дэвшигчдийн дунд дарангуйлагч зантай гэгддэг 45 настай мэс заслын эмч Жилсон Алвеш бий. Тэрбээр авлигатай тэмцэх, иргэдэд галт зэвсэг эзэмшихийг зөвшөөрөх, цаазаар авах ялыг сэргээхээ амласан.

Кабо-Верде нь Баруун Африкийн эргээс холгүй, Сенегалаас 600 орчим км зайд оршдог. Хагас сая орчим хүн амтай тус улс тогтвортой ардчилал, эрх мэдлийг тайван замаар шилжүүлж, өрсөлдөөнтэй сонгууль явуулж ирсэн уламжлалаараа алдартай.

Аялал жуулчлалын салбар өсөж, 2023–2024 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 16.8 хувиар нэмэгдсэний ачаар Дэлхийн банк долдугаар сард Кабо-Вердег дунджаас дээш орлоготой орны ангилалд албан ёсоор оруулжээ.

Гэсэн хэдий ч тус улс удаан үргэлжилж буй нийгмийн тэгш бус байдал, газарзүйн тусгаарлагдмал байдал, арлууд хооронд зорчих хямд боломж хомс зэрэг олон бэрхшээлтэй тулгарч байна. Амьжиргааны өртөг өсөж буй, шатахууны үнэ, залуучуудын ажилгүйдэл зэрэг нь оршин суугчдын гол санаа зовоосон асуудал юм.

Бусад мэдээ