Дэлхий

Каирын олон улсын кино наадам дайны үеэр 47 дахь удаагаа нээлтээ хийлээ

Египетийн кино урлагийнхан дайны улмаас үйлдвэрлэлийн зардал өсөж, үзэгчид кино театраас хөндийрч байна гэж ярьж байна.

Africanews2 мин унших

Зураг: Africanews

Каирын олон улсын кино наадам 47 дахь удаагаа лхагва гарагт Египетийн нийслэлд эхэлж, дэлхийн өнцөг булан бүрээс кино уран бүтээлчид, жүжигчид болон бусад нэрт хүмүүсийг цуглууллаа. Тус наадам энэ жил Ойрхи Дорнодод дайн үргэлжилж буй үед болж байна.

Кино зохиолч, яруу найрагч, продюсер Медхат Эль-Адл насан туршийн уран бүтээлээ үнэлүүлж, Алтан пирамид шагнал хүртэв. Дайн нь хүмүүсийн кино үзэх боломжид нөлөөлж байна гэж тэрбээр үзэж байна.

“Аливаа дайн, мөргөлдөөний бүс, хурцадмал байдал зөвхөн кинонд биш, хүмүүсийн амьжиргаанд нөлөөлдөг. Тиймээс хүмүүс кино театрт очихоос илүү амьжиргаагаа залгуулахыг эн тэргүүнд тавина. Энэ нь бүх зүйлд маш хүчтэй нөлөөлсөн. Хэрэв надад 10 цент байвал хоол авах уу, эсвэл кино билет авах уу? Би хоол авна! Энэ нь бидэнд ямар нэг байдлаар нөлөөлсөн бөгөөд энэ бол зөвхөн санхүүгийн тал” гэж Эль-Адл хэлэв.

Санхүүгийн байдлаас болж үйлдвэрлэлийн зардал огцом өсөж байгаа ч гаргасан зардлаа нөхөх баталгаа байхгүй гэж Египетийн жүжигчин Жихад Хосам ярьжээ. Түүний хэлснээр, дайн бүс нутгийг бүхэлд нь хамарч, салбарын эдийн засагт нөлөөлжээ. Тухайлбал, өмнө нь 5 Египет фунтээр үйлдвэрлэдэг байсан зүйл гэнэт 10 фунт болсон ч зах зээл энэ өсөлтийг даах, нөхөх боломжгүй байгаа нь хүндрэл учруулж байна.

Египетийн кино урлаг өөр сорилттой, ялангуяа уран бүтээлчдийн илэрхийлж болох зүйлийг хумьдаг үг хэлэх эрх чөлөөний хязгаарлалттай тулгарч байна гэж кино шүүмжлэгч Тарек Эль-Шиннави үзэж байна. Түүний үзэж байгаагаар цензурын хүрээг бага зэрэг тэлж, цензурчид илүү өргөн хүрээнд сэтгэдэг болж, бүх асуудлыг хэлэлцэх боломж нээх хэрэгтэй. Агуу кино бол их төсөвтэй кино биш, санаа агуулсан, бүтээгчдээ эрх чөлөө олгосон кино гэж тэрбээр онцолжээ.

Энэ арга хэмжээ зөвхөн орчин үеийн киног танилцуулах бус, Египетийн соёлын өвийг хадгалах зорилготой гэж наадмын ерөнхийлөгч Хусейн Фахми тэмдэглэжээ. “Кино бол зүгээр нэг зугаа цэнгэл биш, хүн төрөлхтний туршлага, нийгмийн өөрчлөлт, түүхэн мөчүүдийн тэмдэглэл бөгөөд ирээдүй хойч үедээ түүх, сэтгэл хөдлөлийг хадгалан үлдээдэг” гэж Фахми нээлтийн үгэндээ хэлэв.

Наадам арваннэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ.

Бусад мэдээ