Канад Европын холбооны анхны хамтрагч гишүүн болохыг зорьж байна
АНУ-ын худалдааны дайн Канад, Европыг Вашингтоноос хамаарлаа бууруулж, харилцаагаа бэхжүүлэхэд түлхэж байна.
Канадын Ерөнхий сайд Марк Карни Канадыг Европын холбооны анхны «хамтрагч гишүүн» болгох хэлэлцээрийг 6 дугаар сар гэхэд эцэслэхээр зорьж байна гэж Эй Би Си Ньюс мэдээлжээ.
Канад, ЕХ-ны удирдагчид Монреалд болсон хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд эдийн засаг, аюулгүй байдлын харилцаагаа гүнзгийрүүлэх Ирээдүйн төлөөх холбоог эхлүүлжээ. Талууд дижитал худалдаа, чухал ашигт малтмал, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлээр хэд хэдэн санаачилга дээр тохиролцсон байна.
«Биднийг нэгтгэж буй зүйл газар зүйгээс хамаагүй давдаг» гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен хэлжээ.
Карни уг холбоо Канад, Европт эдийн засгийн дарамтыг даван туулж, илүү хүчирхэг орнуудын тулгалтгүйгээр өөрсдөө шийдвэр гаргахад туслана гэжээ. Тэрбээр АНУ-ыг ирээдүйд холбоонд урих эсэхийг шууд хэлээгүй ч энэ нь хариу арга хэмжээ биш гэдгийг онцолсон байна.
Трамп уг зохицуулалтыг найрсаг бус гэж үзвэл Европт татвар ногдуулна гэж сүрдүүлсэн юм.
Карнигийн хэлснээр, Канадын Засгийн газрын гишүүд, Европын комиссарууд 3 дугаар сард уулзаж, тэрбээр 6 дугаар сард Европын зөвлөлийн хуралд оролцохдоо хэлэлцээг дуусгах бодолтой байна. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антониу Кошта урилгыг баталж, дэлгэрэнгүйг тэр үед зарлана гэжээ.
Монреалын хэлэлцээгээр компаниуд Атлантын далайг дамнан бараа бүтээгдэхүүнээ борлуулахад хялбар болгох дижитал худалдааны шинэ хэлэлцээр байгуулжээ. Канад мөн Европын хөрөнгө оруулалтын банкаар чухал ашигт малтмалын төслүүдээ санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, Европын суперкомпьютерын санаачилгад нэгдэхээр болсон байна.
Карнигийн хэлснээр, Европын Юпитер суперкомпьютер Канадын хамгийн хүчирхэг судалгааны компьютерт зургаан сар шаардагдах тооцоог нэг өдөрт гүйцэтгэж чаддаг аж.
Удирдагчид Канадын шингэрүүлсэн байгалийн хийг Европт экспортлох боломж, Канад, Европ, Азийг холбох далайн ёроолын шинэ кабелийн асуудлыг судлахаар тохиролцжээ. Мөн хилийн аюулгүй байдлын шинэ зохицуулалт хийж, батлан хамгаалах, кибер аюулгүй байдал, Арктикийн аюулгүй байдлын салбарт хамтран ажиллахаа амласан байна.
2025 онд Канадын барааны экспортын 71.7 хувийг АНУ эзэлж байв. Карни ойрын арван жилд бусад орон руу хийх экспортыг хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байна.

