Катарын эрчим хүчний компани Намибийн далайн газрын тосны талбайн 25 хувийг худалдан авна
Намиби Африкийн газрын тос, байгалийн хийн шинэ төв болж буй тул олон улсын томоохон компаниуд тэнд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна.

Катарын төрийн өмчит эрчим хүчний компани Намиби дахь Шевроны эзэмшдэг далайн газрын тосны хайгуулын талбайн 25 хувийг худалдан авах гэрээ байгуулсныг Нэшнл сонин мэдээлжээ.
Гэрээ хэрэгжсэний дараа Шеврон талбайн 55 хувийг эзэмшиж, Намибийн үндэсний газрын тосны компани болон Кастос Энержи тус бүр 10 хувийг эзэмшинэ. Гэрээ зохицуулагчдын зөвшөөрөл авах шаардлагатай.
Хайгуулын тусгай зөвшөөрөл Намибийн эрэг орчмын 11450 орчим хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг бөгөөд далайн гүн 350-2300 метр байдаг аж.
«Шевронтой харилцаагаа бэхжүүлж, Намиби дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа бид баяртай байна» гэж Катарын Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн сайд Саад аль-Кааби хэлжээ.
Намибийн далайн Ориндж сав газраас илэрсэн нөөцөд 11 тэрбум орчим баррель хөнгөн газрын тос, 2.2 их наяд шоо фут байгалийн хий байгаа гэж тооцоолжээ.
Эдгээр нөөц арилжааны ашиг өгөх нь батлагдвал 2040 он гэхэд Намибийн дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин өсч болзошгүйг АНУ-ын Олон улсын худалдааны газар дурджээ.
Катарын компани Намибид Шелл, Тоталэнержи зэрэг томоохон компаниудтай ч хамтран хайгуул хийж байгаа бөгөөд 4 дүгээр сард Бүгд Найрамдах Конго улсын эргийн ойролцоо нүүрсустөрөгчийн орд илрүүлжээ.



