Казахстан, Тажикистан түлш нийлүүлэх, уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ
Газрын тосны бүтээгдэхүүний импортоо голдуу Оросоос авдаг Тажикистан нийлүүлэгчээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байна.

Казахстан, Тажикистан түлш нийлүүлэх тухай суурь гэрээ байгуулж, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсныг Таймс оф Сентрал Эйша сайт мэдээлжээ.
Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Эмомали Рахмон нар 11 дүгээр сарын 7-нд Астанад хэлэлцээ хийсний дараа 20 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр орны бизнес эрхлэгчид 25 гэрээ байгуулжээ.
Тажикистан усан цахилгааны асар их нөөцтэй ч газрын тосны бүтээгдэхүүнийг импортоор, голдуу Оросоос авдаг. 2026 оны эхний хагаст тус улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын 72.3 хувийг Орос эзэлж, дотоодын үйлдвэрүүд хэрэгцээний дөнгөж 0.5 орчим хувийг хангасан байна.
Гэрээнд цахилгаан эрчим хүч, металлургийн салбарын хамтын ажиллагаа ч багтсан бөгөөд Тажикистаны Геологийн ерөнхий газар Казахстанд бүртгэлтэй Солидкор Ресорсиз алт олборлогч компанитай санамж бичиг байгуулжээ.
Тажикистаны засгийн газрын мэдээллээр 2026 оны 1-9 дүгээр сард хоёр орны худалдаа өмнөх оны мөн үеэс 25.6 хувиар өссөн байна.
Тажикистанд Казахстаны хөрөнгө оруулалттай 130 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй бол Казахстанд Тажикистаны оролцоотой 580 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг аж. Казахстан Тажикистаны хилийн цэргийн боловсон хүчнийг сургахад ч оролцох юм.



