Хиймэл оюун биологийн зэвсгийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна
Биологийн зэвсгийг хянах олон улсын тогтолцоо химийн зэвсгийнхтэй адил хөгжөөгүй хэвээр байна.

Биотехнологи, хиймэл оюуны хөгжил урт хугацаанд биологийн зэвсэг бүтээхэд буруугаар ашиглагдаж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байгаа тухай Дойче Велле мэдээлжээ.
Их Британийн дотоод тагнуулын МИ5 албаны дарга Кен Маккаллум 2026 оны аравдугаар сард хиймэл оюун одоо байгаа болон шинэ биологийн зэвсгийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулжээ.
Америкийн Антропик компани 2026 оны есдүгээр сарын тайландаа хиймэл оюуны туслахаа биологийн зэвсгийн судалгаатай холбоотойгоор ашиглах олон оролдлогыг илрүүлж хаасан гэж мэдэгдсэн байна. Компани ийм судалгаа анагаах ухааны урьдчилан сэргийлэлтэд ч хамаарч болохыг онцолжээ.
Биологийн зэвсгийг хориглосон конвенц 1975 онд хүчин төгөлдөр болж, 189 улс соёрхон баталсан байна. Гэвч химийн зэвсгийнхтэй адил хяналт шалгалтын тогтолцоо байхгүй бөгөөд улс орнууд эмзэг судалгааны мэдээлэл ил болохоос эмээж байна.
Энэ хориг дангаараа хангалтгүйг 2001 онд АНУ-д гарсан хэрэг харуулсан юм. Есдүгээр сарын 11-ний халдлагаас хэдэн долоо хоногийн дараа хэд хэдэн хүн боом өвчний спортой захидал хүлээн авч, 22 хүн халдварлаж, таван хүн нас баржээ.
Ижил лабораторийн тоног төхөөрөмжийг вакцин, эм бүтээхэд ч ашиглаж болдог тул биологийн зэвсгийн хөтөлбөрийг илрүүлэх нь цөмийн, химийн зэвсгийнхээс хамаагүй хэцүү юм.



