Дэлхий

Хойд Солонгос 78 жилд анх удаа төрийн далбааныхаа харьцааг өөрчилжээ

Далбааны өндөр, өргөний харьцааг 1:2-оос 1:1.65 болгосон ч загвар нь хэвээр үлджээ.

Hindustan Times3 мин унших

Зураг: Hindustan Times

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өвөө Ким Ир Сений үед нэвтрүүлсэн төрийн далбааны харьцааг тус улс 1948 онд байгуулагдсанаас хойш анх удаа өөрчилжээ.

Хойд Солонгосын шинэчилсэн Үндсэн хуулийн 166 дугаар зүйлд зааснаар төрийн далбааны өндөр, өргөний харьцааг 1:2-оос 1:1.65 болгосон байна. Энэ тухай The Straits Times сонин баасан гарагт төрийн өмчит Naenara вэб сайтаас иш татан мэдээлжээ. Өөрчлөлтийн дүнд далбаа богиноссон ч танил загвар нь хэвээр үлджээ.

Энэ нь сүүлийн 78 жилд далбааны албан ёсны харьцаанд оруулсан анхны өөрчлөлт юм. Далбааг Дэлхийн хоёрдугаар дайны дараа Зөвлөлтийн нөлөөгөөр Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений үед нэвтрүүлж байжээ.

Голын улаан хэсэг, цагаан, цэнхэр судал, таван хошуут улаан од өөрчлөгдөөгүй. Гэхдээ богиноссон загварт улаан од далбааны төв рүү ойртсон байна.

Хойд Солонгос одоогийн төрийн далбаагаа 1948 оны есдүгээр сард баталжээ. Удалгүй мөн сарын 9-нд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс албан ёсоор байгуулагдсан юм. Энэ загвар Дэлхийн хоёрдугаар дайны дараа, Солонгосын хойг Зөвлөлт, Америкийн эзэлсэн бүсүүдэд хуваагдсан үед бий болжээ. Joong Ang Daily сонины мэдээлснээр Зөвлөлт Холбоот Улс Хойд Солонгосын төрийн анхны улс төр, институцийн бүтцийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Далбааны голоор өргөн улаан хэсэг гүйх бөгөөд түүнийг нарийн цагаан судал хүрээлж, дээд, доод талаараа цэнхэр судалтай. Далбааны модны ойролцоо цагаан тойрог дотор таван хошуут улаан од байрладаг.

Wall Street Journal сонины мэдээлснээр Хойд Солонгосын албан тушаалтнууд 1948 онд далбааг анх нэвтрүүлэхдээ түүнийг богиносгох талаар хэлэлцэж байжээ. Гэвч энэ саналыг хүлээж аваагүй тул анхны харьцаа хэдэн арван жил хэвээр үлдсэн байна.

Хойд Солонгосын албан ёсны тайлбараар улаан өнгө нь Японы эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэлд хувьсгалт тэмцэгчдийн урсгасан цусыг илэрхийлдэг. Цагаан тойрог, судал нь эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн нам болон улсын удирдагчдаа үнэнч байхыг, цэнхэр судал нь империализмын эсрэг тусгаар тогтнол, дэлхийн энх тайван, нөхөрлөл, үндэсний бүрэн эрхийг бэлгэддэг. Далбааны түүхийг судалсан Корёгийн их сургуулийн багш Фёдор Тертицкий далбааны Зөвлөлт гаралтай болохыг баримтжуулсан гэж WSJ мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд Ким Жон Ун төрийн бодлого, үндэсний бэлгэдэл, албан ёсны мэдэгдлүүддээ өөрчлөлт оруулах замаар өөрийн улс төрийн өвөрмөц байдлыг тогтоохыг улам бүр эрмэлзэх болжээ. Тэрбээр 2023 оны сүүлээр энхийн замаар нэгдэх удаан жилийн бодлогоос татгалзаж, хоёр Солонгосыг тусдаа, дайсагнагч улс гэж үзэхийг шаардаж эхэлсэн. 2024 оны нэгдүгээр сард энэ байр суурийг тусгасан Үндсэн хуулийн өөрчлөлт хийхийг уриалсан юм.

Хойд Солонгос 2024 онд төрийн дуулалдаа ч өөрчлөлт оруулсан. Тус улсын удирдлага дууллын үгнээс самчолли гэдэг үгийг хасаж, оронд нь энэ ертөнц гэсэн утгатай и сэсан гэдэг үгийг оруулжээ. Самчолли гэдэг нь шууд орчуулбал 3000 ри гэсэн үг. Энэ нь Солонгосын эх орны газарзүйн хүрээг илэрхийлдэг уламжлалт хэллэг бөгөөд түүхэндээ Хойд, Өмнөд Солонгосыг багтаасан Солонгосын хойгийг бүхэлд нь бэлгэдэж ирсэн юм.

Бусад мэдээ