Хойд Солонгосын хакеруудтай хамтран мөрийтэй тоглоомын сайт тараасан гурван хүнд хорих ял оноожээ
Бүлэглэлийн толгойлогч борлуулалтын орлогоосоо 7 тэрбум гаруй воныг хакеруудад шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

Хойд Солонгосын хакеруудтай хамтран Өмнөд Солонгост хууль бус мөрийтэй тоглоомын цахим хуудас бүтээж, тараасан гэмт бүлэглэлийн гурван гишүүнд Сөүлийн Төв дүүргийн шүүх Пүрэв гарагт хорих ял оноожээ.
Шүүх бүлэглэлийн нэг гишүүнийг Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж, хууль бус мөрийтэй тоглоомын сайт ажиллуулсан хэрэгт гэм буруутайд тооцож, дөрвөн жил хорих, дөрвөн жилээр эрх хасах ял оноов.
Нөгөө хоёр гишүүн тус бүр гурван жил хорих ял авсан бөгөөд тэдний нэгийг нь мөн гурван жилээр эрх хасах ялаар шийтгэжээ.
Гурвуулаа бүлэглэлийн толгойлогч Ким овогтой этгээдийн хамсаатнаар шүүгдсэн юм. Ким есдүгээр сард ижил гэмт хэргээр гэм буруутайд тооцогдож, таван жил хорих, таван жилээр эрх хасах ял авчээ.
Ким 2022 оноос 2024 он хүртэл Хойд Солонгосын хакеруудтай хамтран хууль бус мөрийтэй тоглоомын 16 сайт бүтээж, дотоодын мөрийтэй тоглоомын сайт ажиллуулагчдад худалдсан нь тогтоогджээ.
Тэрбээр борлуулалтаас 23.5 тэрбум орчим вон олж, үүний 7 тэрбум гаруй буюу 30 орчим хувийг Хойд Солонгосын хакеруудад шилжүүлсэн байна.
Гурван хамсаатан хууль бус сайтуудыг тараахад Кимд тусалсан гэж буруутгагдаж байв.
Энэ үйл явдлыг бусад эх сурвалж хэрхэн мэдээлсэн
The Korea Times, англи хэлнээс
Trio sentenced to prison terms over gambling sites linked to NK hackers



