Сөүл Намсан уулыг 2031 он гэхэд экологийн аялал жуулчлалын төв болгоход 19.2 тэрбум вон зарцуулна
Төлөвлөгөөнд оргил руу гарах 832 метр орчим урт гондол багтсан ч шүүхийн маргааны улмаас барилгын ажил нь түр зогсоод байна.

Намсан уулын ойг 2031 он хүртэл нөхөн сэргээж, оргилд нь 360 градусын харах цамхаг зэрэг шинэ үзвэр бий болгоход 19.2 тэрбум вон зарцуулахаа Сөүл хотын захиргаа Пүрэв гарагт мэдэгджээ.
Сөүлийн төвд байрлах Намсан уул нийслэлийн хамгийн алдартай дурсгалт газруудын нэг юм.
Хотын захиргаа Намсан уул болон ойролцоох Мёндон худалдааны хороолол, Ежан цэцэрлэгт хүрээлэнг хамарсан хотын шинэчлэлийн төлөвлөгөөг Пүрэв гарагт албан ёсоор зарлав. Төлөвлөгөө 3.11 сая орчим хавтгай дөрвөлжин метр талбайг хамарч, дөрвөн чиглэлийн 15 төслөөс бүрддэг.
Эдгээрийн найм нь цаашдын хөгжлийг түргэтгэх зорилготой эхний шатны төсөл бөгөөд тэдгээрийг хуваарилсан санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.
Төлөвлөгөөний гол хэсэг нь Мёндон буудлын ойролцоох Ежан цэцэрлэгээс оргил хүртэл 832 орчим метр үргэлжлэх гондол юм. Гондол цагт 1600 гаруй зорчигч тээвэрлэх буюу одоогийн кабель замаас гурав гаруй дахин их хүчин чадалтай байх аж.
Гондол нь тэргэнцэртэй болон хөдөлгөөний хязгаарлалттай хүмүүсийг оргилд хүрэхэд дөхөм болгоно гэж хотын захиргаа мэдэгджээ. Гондолын үйл ажиллагааны ашгийг уулын экосистемийг сэргээхэд зарцуулна.
Сөүл хотын хот байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлтөөс болж шүүхэд маргаан үүссэн тул гондолын барилгын ажил түр зогсоод байна.
Одоогийн кабель замыг 1962 оноос хойш нэг хувийн компани ажиллуулж ирсэн. Олон жил үргэлжилсэн монопольд цэг тавихын тулд хоёр дахь хувилбар хэрэгтэй гэж хотын захиргаа үзэж байна.
Хотын захиргаа мөн зөвшөөрөлгүй гаргасан явган замуудыг хааж, эвдэрсэн ой, ургамлыг нөхөн сэргээн, зэрлэг амьтдын амьдрах орчин бүрдүүлнэ. Түүнчлэн Намсан Орым 360 нэртэй харах цамхаг барьж, өөр найман үзэх цэгийг шинэчилнэ.
Мёндоноос Ежан цэцэрлэгээр дамжин уул руу гарах явган замыг сайжруулснаар Хөхён-дон, Пиль-дон, Жанчун-дон зэрэг ойролцоох хорооллуудад зочдыг татна гэж хот найдаж байна.
“Энэхүү сэргээн хөгжүүлэх төлөвлөгөө Намсаны байгалийн орчныг нөхөн сэргээж, тогтвортой экологи, амралт чөлөөт цагийн орон зай болгох чухал үндэс болно. Экологийн нөхөн сэргээлтээс эхлээд аялал жуулчлал, амралтын үйлчилгээг сайжруулах хүртэл ажлыг цогцоор нь хэрэгжүүлснээр Намсаныг Сөүл хотын нүүр царай болсон, дэлхийд тэргүүлэх экологийн аялал жуулчлалын төв болгоно” гэж Сөүл хотын захиргааны Тэнцвэртэй хөгжлийн газрын дарга Кан Сок хэлэв.



