Хонконгийн бие даасан номын үзэсгэлэн таван оролцогчоо хасуулсны дараа ил тод байдал шаарджээ
Хонконгод сүүлийн жилүүдэд ийм арга хэмжээнүүд ижил саадтай тулгарч байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Хонконгийн бие даасан номын үзэсгэлэнгийн таван оролцогчийг эрх баригчид тайлбаргүйгээр хориглосны дараа зохион байгуулагчид нээлттэй, ил тод байдал шаардсаныг Хонконг Фри Пресс сайт мэдээлжээ.
Өөрсдөө хэвлүүлсэн бүтээлийг сурталчилдаг тус үзэсгэлэн 11 дүгээр сарын 14-15-нд Цүнь Ваньд дөрөв дэх удаагаа болох бөгөөд комикс, роман, хүүхэлдэйн кино, тоглоом танилцуулах 125 орчим оролцогч оролцоно.
«Сүүлийн жилүүдэд ижил төстэй арга хэмжээнүүд ийм нөхцөл байдалтай байнга тулгарч байна» гэж зохион байгуулагч Юнь Хюнь бүлэг олон нийтийн сүлжээнд бичжээ.
Зохион байгуулагчид хасагдсан оролцогчдын нэрийг дурдаагүй ч тэдний дунд комикс, роман зохиолчид, зураачид байгаа бөгөөд бүтээлийн сэдэв нь Хонконгийн нутгийн соёлоос шинжлэх ухааны уран зөгнөл хүртэл янз бүр аж.
Хонконгийн олон хүний хувьд давагдашгүй хүчин зүйл гэдэг хэллэг сүүлийн жилүүдэд далд улс төрийн дарамт, цензурын илэрхийлэл болжээ.
Нэрээ нууцлахыг хүссэн куратор зохион байгуулагчид олон нийтийн зугаа цэнгэлийн түр тусгай зөвшөөрөл хүсч байсныг дурдаад, нэгэн газар таван оролцогчийг хасахгүй бол бүх арга хэмжээг цуцална гэж ямар ч тайлбаргүйгээр мэдэгдсэн гэж ярьсан байна.
«Бид ямар нэг шугамыг давахыг оролдоогүй ч хор хөнөөлгүй зүйлс хүртэл хасагдаж болно» гэж куратор хэлжээ.
Куратор 2025 оны эхээр болсон өмнөх үзэсгэлэнд ч тодорхой оролцогчдыг байрны удирдлага цензурдсэн гэж нэмж хэлсэн юм.



