Дэлхий

Хормузын хоолойд аравдугаар сард хөлөг онгоцонд хамгийн олон удаа халджээ

Хөлөг онгоцонд хийсэн халдлагын ихэнх нь АНУ дэмждэг Оманы эргийн ойролцоох өмнөд маршрут дээр болжээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Хормузын хоолойд аравдугаар сард худалдааны хөлөг онгоцонд 30 гаруй удаа халдсан гэж Их Британийн Тэнгисийн худалдааны үйл ажиллагааны газар мэдээлжээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.

Британийн Хааны тэнгисийн цэргийн хүчний дэмжлэгтэй ажилладаг тус газрын мэдээллээр, энэ нь АНУ, Ираны мөргөлдөөн эхэлснээс хойших аль ч сараас олон байна.

Мөргөлдөөний эхний сар болох гуравдугаар сард л 30 халдлага бүртгэгдэж байсан бол аравдугаар сард есдүгээр сарынхаас хоёр дахин олон халдлага гарчээ. Газар зөвхөн бүс нутагт байгаа хөлгийн багийнхны мэдээлсэн тохиолдлыг тооцдог тул бодит тоо үүнээс их байж магадгүй аж.

Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн мөргөлдөөн энэ долоо хоногт найман сарын босгыг давсан бөгөөд энэ хугацаанд нийт 145 тохиолдол бүртгэгджээ. Газар хэн буудсаныг хянадаггүй ч халдлагын дийлэнх нь Иран талаас ирдэг бөгөөд Исламын хувьсгалт харуулын корпус ихэвчлэн хариуцлагыг хүлээдэг.

Иран мөн бүс нутагт хөлөг онгоцнууд мина дэлбэрэлтэд өртсөн олон тохиолдлын тухай мэдэгддэг ч тэдгээрийн ихэнх нь газрын мэдээнд ордоггүй.

Газрын мэдээллээр, долдугаар сарын 6-наас хойш Хормузын хоолойд хөлөг онгоцыг буудсан 81 тохиолдлын 59 нь Оманы эргийн ойролцоох өмнөд маршрут дээр болжээ. АНУ-ын зэвсэгт хүчин энэ замыг идэвхтэй дэмжиж, танкеруудыг дагалдан хамгаалж байгаа бол Иран үүнийг хууль бус гэж үзэж, хөлгүүдийг өөрийн эргийн дагуух хойд замаар явахыг шаардаж байна.

Бусад мэдээ