Дэлхий

Хөрөнгө нь хорогдсон Хятадын хэрэглэгчид жилийн том онлайн хямдралаас хөндийрчээ

Олон гэр бүл хямдрал хөөхийн оронд орон сууцны зээлээ хугацаанаас нь өмнө төлөхийг илүүд үзэж байна.

The Korea Times2 мин унших

Зураг: The Korea Times

Хятадын хэрэглэгчид хувьцааны үнэ унаж, орон сууцны үнэ удаан хугацаанд буурч байгаа тул Ганц бие хүмүүсийн өдрийн хямдралаар мөнгө зарцуулахаас татгалзаж байна. Энэ тухай Кореа Таймс сонин Саут Чайна Морнинг Пост сониныг иш татан мэдээлэв.

«Купон ашиглах гэж юм хайж явахаар хэмнэсэн мөнгө маань хөрөнгийн зах зээл дээр алдсантай харьцуулахад юу ч биш» гэж Ханжоу хотын банкны 37 настай ажилтан Сяо На хэлжээ.

Гуравдугаар улиралд технологийн компаниудад төвлөрсөн Чайнэкст индекс бараг 28 хувиар унажээ. Үндэсний статистикийн товчооны мэдээгээр эхний гурван улиралд жижиглэн худалдаа ердөө 1.1 хувиар өссөн байна.

Хятадын индексийн академийн мэдээгээр 10 дугаар сард 100 хотын хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх сараас 0.6 хувь, жилийн өмнөхөөс 6.7 хувиар буурчээ. Үнэ 98 хотод буурсан аж.

Өрхүүд хадгаламжаа өндөр түвшинд барьж, хэрэглээ сул хэвээр байх магадлалтай гэж Гавекал Драгономикс компанийн шинжээч Томас Гэтли судалгааны тэмдэглэлдээ бичжээ.

Хуачуан Секьюритис компанийн ерөнхий эдийн засагч Жан Юй-гийн тооцоолсноор энэ онд нэрлэсэн ДНБ-ий өсөлт 6 хувьд ойртох ч цагаач ажилчид, хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн ажилтнуудын цалин ойролцоогоор 3 хувиар л нэмэгдэж байна.

Шанхайн оршин суугч Сюй Син Хятадын барилгын банкинд байгаа 800,000 юаний орон сууцны зээлээ хугацаанаас нь өмнө төлөхийг оролдсон ч хамгийн ойрын цаг нь 1 дүгээр сарын эхэнд таарчээ. «Хугацаанаас өмнө төлөх эрэлт асар их байгаа гэж банкны менежер надад хэлсэн» гэж тэрбээр ярьжээ.

Шанхай дахь төрийн өмчит гурван банкны эх сурвалжийн хэлснээр банк тус бүрт сард хугацаанаас өмнө төлөгдөж буй зээлийн хэмжээ 2 тэрбум юанийг давжээ. Гурван жилийн өмнө энэ дүн ойролцоогоор 100 сая юань байсан юм.

Бусад мэдээ