Байгаль орчин

Хятад BBNJ гэрээний нарийн бичгийн газрыг байршуулах Бельги, Чилийн хамтарсан саналыг шүүмжиллээ

Хятадын нэр дэвшүүлсэн Сямэнь хотыг гэрээний талуудын олонх дэмжсэн гэж Бээжин мэдэгдэж байна.

ECNS3 мин унших

Хятад Пүрэв гарагт Бельги, Чилийн хамтарсан саналыг шүүмжилж, НҮБ-ын BBNJ гэрээний нарийн бичгийн газрыг үр ашигтай ажиллах хамгийн тохиромжтой газарт байршуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.

BBNJ бол НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцийн хүрээнд үндэсний харьяаллаас гадуурх бүс нутгийн далайн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах тухай гэрээ юм.

Бельги, Чили хоёр нарийн бичгийн газарт нэр дэвшүүлсэн саналаа нэгтгэснээ арваннэгдүгээр сарын 6-нд зарласны дараа Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдлээ.

Хамтарсан саналд нарийн бичгийн газрыг Чилийн Вальпараисо хотод, Мэдээлэл солилцох механизмыг (CHM) Брюссельд байрлуулж, туслах байгууллагуудын хурлыг мөн Брюссельд хийхээр тусгажээ.

Хятад энэ оны эхээр Сямэнь хотыг нэр дэвшүүлсэн бөгөөд уг саналыг гэрээний талуудын олонх хурдан дэмжсэн гэж Мао Нин хэлсэн байна.

“Талуудын бага хурлаар (COP) шийдэх ёстой асуудлаар зөвшөөрөлгүй далд тохиролцоо хийхийг оролдсон хамтарсан санал дор хаяж зургаан талаар асуудалтай байна” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

Нэгдүгээрт, уг санал BBNJ гэрээний заалтыг зөрчиж байна гэж Мао Нин хэлсэн байна. Гэрээнд зааснаар, нарийн бичгийн газрын байршил, CHM-ийн үйл ажиллагааны журам, туслах байгууллагуудын хурлын газрыг COP шийдэх ёстой.

“Гэрээний бүх талын хамтран шийдэх ёстой асуудлаар Бельги, Чили ширээн доогуур наймаа хийсэн. Энэ нь гэрээний заалтыг зөрчиж, COP-ын эрх мэдлийг үл хүндэтгэсэн үйлдэл юм” гэж Мао Нин онцлов.

Хоёрдугаарт, нарийн бичгийн газрын байршил, CHM-ийг хөгжүүлэх асуудал хоёр мөн чанараараа өөр тул COP-оос тус тусад нь шийдэх ёстой боловч уг санал тэдгээрийг багцалж, бусад талд тулгахыг оролдож байна.

Гуравдугаарт, Биологийн олон янз байдлын тухай конвенц зэрэг бусад олон улсын гэрээнд нарийн бичгийн газар, CHM нэг газарт байрладаг тогтсон жишгийг уг санал зөрчиж байна.

“Нарийн бичгийн газар, CHM-ийг далай дамнан тусад нь байрлуулах Бельги-Чилийн санал үйл ажиллагааны зардлыг өсгөж, удирдлагын үр ашгийг бууруулж, гэрээний талуудын санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэх нь дамжиггүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Дөрөвдүгээрт, уг санал газарзүйн тэгш хуваарилалтыг зөрчиж байна. Дэлхийн томоохон байгууллагуудын дийлэнх нь Европт байрладаг бол Азид нэг ч байхгүй гэж хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.

Тавдугаарт, уг санал шударга өрсөлдөөнийг зөрчиж, сонгон шалгаруулалтыг улстөржүүлж, талуудыг хагалан бутаргахыг оролдож байна.

Зургаадугаарт, Чили анх нэр дэвшихдээ энэ нь Дэлхийн өмнөд хэсгийн орнуудад ач холбогдолтой гэж дурдаж байсан ч шинэ саналаар нарийн бичгийн газрын үндсэн чиг үүргийг хүлээхгүй болж байна гэж Мао Нин тайлбарлав.

Хятад гэрээнд хамгийн түрүүнд гарын үсэг зурж, нэгдэн орсон орнуудын нэг бөгөөд төсөвт нь хамгийн их ногдол хувь төлдөг орон гэдгийг тэрбээр сануулжээ.

“Хятад бүрэн бэлэн байна. Нарийн бичгийн газрын байршлыг сонгох ажлыг зөв чиглэлд явуулж, олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хөгжиж буй орнуудын нийтлэг, үндсэн ашиг сонирхлыг хамгаалахын тулд гэрээний бүх талтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Мао Нин хэлжээ.

Бусад мэдээ