Хятад худалдааны нууц хулгайлсан гадаадын байгууллагуудад хориг тавих шинэ дүрэм боловсруулжээ
Шинэ дүрэм хэрэгжвэл зөрчил гаргасан гадаадын компаниуд торгуулиас гадна Хятадад хөрөнгө оруулах, ажилтнаа илгээх эрхээ алдах эрсдэлтэй тул шинжээчид нууц хулгайлах өртгийг огцом нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Хятад худалдааны нууцыг нь зөрчиж, үндэсний аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд нь заналхийлсэн гадаадын байгууллагуудын Хятадтай худалдаа хийх, хөрөнгө оруулах, нэвтрэх эрхийг хязгаарлах тусгай дүрэм гаргахаар бэлтгэж байна. Энэ нь АНУ худалдааны нууцтай холбоотой хэргээр Хятадын таван байгууллагад хориг тавьснаас долоо хоногийн дараа болж байгааг Францын Олон улсын радио хятад хэлний хэвлэлдээ мэдээлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, шинэ дүрэм зөвхөн АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ бус, хулгайлсан мэдээлэл ашигладаг гадаадын байгууллагуудын зардлыг ихээхэн нэмэгдүүлэх юм.
Хятадын Худалдааны яам 26-ны даваа гарагт Хятадын худалдааны нууцыг хамгаалах тусгай дүрмийн төслийг нийтэлж, олон нийтээс нэг сар хүрэхгүй хугацаанд санал авахаар болжээ. Хятадын өмнөх туршлагаар бол дүрэм 11 дүгээр сарын 24-нд санал авах хугацаа дууссанаас хойш нэгээс зургаан сарын дотор хэрэгжиж магадгүй. Дүрэм батлагдвал 6 дугаар сараас хэрэгжиж буй, гадаад дахь зөрчлийг мэдээлэл, алгоритм зэрэг технологийн бүтээгдэхүүнд хүртэл хамааруулсан худалдааны нууцын хамгаалалтын журмыг гадаадын байгууллагын Хятад дахь хөрөнгө оруулалт, худалдаа, ажилтны хязгаарлалт руу өргөжүүлнэ.
Төслийн дагуу дүрэм олон улсын эдийн засаг, худалдааны үйл ажиллагааны явцад Хятадын худалдааны нууцыг зөрчиж, Хятадын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд хохирол учруулсан эсвэл бодит аюул учруулж буй гадаадын компани, байгууллага, хувь хүнд хамаарна. Гэвч төсөлд хохирол болон бодит аюулын тодорхойлолт өгөөгүй байна. Төсөл ердөө арван заалттай. Худалдааны яам гадаадын байгууллагыг эдгээр нөхцөлд хамаарна гэж үзвэл мөрдөн шалгалт явуулж болох бөгөөд тухайн байгууллага хамтран ажиллаж, холбогдох мэдээллээ өгөх ёстой. Хамтран ажиллахгүй бол яам олж авсан баримтдаа үндэслэн шийдвэр гаргаж болно.
Яамны шийдвэрээр нөхцөлд хамаарах нь тогтоогдсон байгууллагын Хятадтай бараа, технологийн экспорт, импорт, хил дамнасан үйлчилгээний худалдаа хийх, тодорхой бүтээгдэхүүн экспортлуулах, Хятадад шинээр хөрөнгө оруулахыг хязгаарлах буюу хориглож болно. Ажилтнуудынх нь Хятадад нэвтрэх, ажиллах, оршин суухыг хязгаарлах, хориглох, торгох, тэр ч байтугай бусад шаардлагатай арга хэмжээ авах боломжтой. Энэ нь бараа, хөрөнгө оруулалт, ажилтан томилох зэрэгт нөлөөлнө гэсэн үг юм.
Үүнээс өмнө АНУ энэ сарын 19-нд Америкийн оюуны өмчийг хамгаалах хуулийн дагуу Гүүгл компанийн хиймэл оюун ухааны технологийн худалдааны нууцын хэрэгт холбогдсон Хятадын таван байгууллагад хориг тавьсан юм. Хятадын Худалдааны яам үүнийг эсэргүүцэж, Хятадын хиймэл оюун ухааны ололт нууц хулгайлахтай холбоогүй гэдгийг онцлоод, АНУ дарамтаа зогсоохгүй бол шаардлагатай хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.
Гэвч АНУ буулт хийгээгүй бөгөөд энэ сарын 22-нд гадаад хөрөнгө оруулалтын аюулгүй байдлын шинэ журмын төсөл гаргаж, тархи-компьютерийн интерфейс зэрэг биотехнологийг мэдрэг технологийн хяналтад оруулж, хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан, квант мэдээллийн салбарын хөрөнгө оруулалтын хязгаарлалтаа үргэлжлүүлэхээр болжээ.
Олон улсын нэгэн хуульч, шинжээч Геополитекс хэмээх сошиал хуудсандаа Хятад өмнө нь нууц хулгайлах асуудлыг иргэний нэхэмжлэлээр хязгаарладаг байсан бол шинэ дүрэм засгийн газарт худалдааны нууцыг хамгаалахад оролцох эрх олгож, гадаад дахь хэрэглэгчдийг ч хамруулна гэж бичжээ. Түүний үзэж буйгаар, гадаадын компаниуд торгуулиас гадна Хятадад хөрөнгө оруулах эрхээ хасуулах, улмаар Хятадын зах зээлээ алдах эрсдэлтэй тул нууц хулгайлах өртөг огцом өснө.
Гэхдээ дүрмийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бодит аюул гэж юуг хэлэх, Хятадын худалдааны нууцын тодорхойлолт, хууль ёсны лиценз, ажилтны шилжилт, нийцлийн шалгалтыг жинхэнэ зөрчлөөс хэрхэн ялгахыг тодорхой болгох ёстой гэж шинжээч үзжээ. Түүний хэлснээр, Хятад дахь гадаадын компанийг зохицуулах нь харьцангуй хялбар ч Хятадын компаниуд гадаадад хөрөнгө оруулах, гадаадын түнштэй хамтрах үед асуудал төвөгтэй болно. Тэрбээр энэ нь зөвхөн АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ бус, хоёр улс хоёулаа худалдааны нууц, технологийн тэргүүлэх байр сууриа хамгаалахад улам анхаарч байгаагийн илрэл гэж дүгнэжээ.



