Дэлхий

Хятадын лабораториудыг АНУ-ын зах зээлийн электрон бүтээгдэхүүнийг турших эрхгүй болгожээ

Шинэ журам нь Америкийн дотоодын туршилтын лабораториудад хүчин чадлаа өргөжүүлэх хоёр гаруй жилийн хугацаа олгож байна.

RFI (хятад хэл)2 мин унших

Зураг: RFI (хятад хэл)

АНУ-ын Холбооны харилцаа холбооны хороо 29-нд АНУ-тай харилцан хүлээн зөвшөөрөх механизмгүй Хятад болон бусад орны туршилтын лаборатори, гэрчилгээжүүлэх байгууллагуудад АНУ-ын зах зээлд борлуулах электрон бүтээгдэхүүнийг турших эрхийг хориглосон шинэ журмыг баталжээ. Энэ тухай Эр Эф Ай радиогийн хятад хэлний алба мэдээлэв.

2028 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр болох журам ухаалаг утас, камер, компьютер зэрэг төхөөрөмжид хамаарах юм. АНУ энэ алхам нь үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлж, харилцаа холбооны сүлжээ, оюуны өмчийг хамгаалах зорилготой гэж мэдэгджээ.

Хорооны дарга Брендан Каррын хэлснээр 2025 онд электрон бүтээгдэхүүний 82 хувийг Хятадад туршсан бол АНУ-ын дотоодын лабораторид ердөө 4 орчим хувийг нь туршжээ. «Эдгээр лаборатори бол АНУ-ын харилцаа холбооны дэд бүтэц рүү нэвтрэх гол хаалга юм. Тэд бүтээгдэхүүн зах зээлд гарахаас хэдэн сарын өмнө эмзэг, нууц мэдээлэлд хандах боломжтой» гэж тэрбээр хэлжээ.

Журам хүчин төгөлдөр болох хүртэлх хоёр гаруй жилийн хугацаанд АНУ-ын дотоодын лабораториуд тоног төхөөрөмж, хүн хүч, туршилтын чадавхаа нэмэгдүүлэх боломжтой болно. Энэ алхам АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногуудад Шэньжэнь хотод Хятадын дарга Си Жиньпинтэй уулзахаас өмнө гарч байгаа юм.

Хороо өнгөрсөн жил Хятадын засгийн газрын өмчлөл, хяналтад буй эсвэл үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж тооцогдсон байгууллагуудыг АНУ-ын электрон бүтээгдэхүүнийг турших эрхгүй болгож, 32 лабораторийн итгэмжлэлийг хүчингүй болгосон юм.

АНУ хязгаарлалтаа чангатгахын хэрээр Хятад ч хариу арга хэмжээ авч, энэ оны 8 дугаар сард нисгэгчгүй онгоц болон холбогдох технологийн экспортын хяналтыг чангатгаж, Америкийн туршилтын компаниудад хориг тавьсан байна.

Бусад мэдээ