Киргизийн шинэхэн бөөрөлзгөнө, үхрийн нүдийг Хятад импортлохыг зөвшөөрчээ
Шийдвэр Киргизийн жимс тариалагчдад Орос, Казахстанаас өөр зах зээл нээж болох юм.

Хятад Киргизээс шинэхэн бөөрөлзгөнө, хар үхрийн нүд, хар бөөрөлзгөнө импортлохыг зөвшөөрснийг Таймс оф Сентрал Эйша сайт мэдээлжээ.
Хятадын Гаалийн ерөнхий газар 10 дугаар сарын 20-нд шийдвэрээ зарласан нь хоёр улсын 8 дугаар сарын 31-нд байгуулсан ургамал хорио цээрийн хэлэлцээрийн дагуу гарсан аж.
Киргиз 2026 оны 1-5 дугаар сард 5358 тонн жимс экспортолсны бараг бүгд гүзээлзгэнэ байсан бөгөөд үүнээс 3076 тонныг Орос, 2264 тонныг Казахстан руу гаргажээ.
Гэвч шинэ хэлэлцээр Киргизийн жимсний экспортын дийлэнхийг бүрдүүлдэг гүзээлзгэнийг хамраагүй. Хятадын импортлохыг зөвшөөрсөн жимсний жагсаалтад Киргизийн интоор, амтат гуа, усан үзэм, тоор, чангаанз багтсан ч гүзээлзгэнэ, алим ороогүй байна.
Шинээр зөвшөөрөгдсөн жимс үйлдвэрлэгчид Хятадын ургамлын эрүүл ахуйн стандартыг хангаж, фермүүдээ Хятадын гаальд бүртгүүлэх ёстой. Киргизийн эрх баригчид ачаа бүрийн 2 хувьд шалгалт хийнэ.
Хятадтай өмнө нь буурцаг, шувууны мах, ноос, ноолуурын экспортын хэлэлцээр байгуулсан юм. Киргиз 2025 оны 7 дугаар сард Хятад руу анх удаа 23 тонн хатаасан чангаанз экспортолжээ.



