Колоничлолын орчин үеийн хэлбэрийн эсрэг Оросын санаачилгыг Африкийн бараг бүх улс дэмжжээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хорооноос баталсан тогтоол улс орнуудыг бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, эдийн засгийн дарамт үзүүлэхээс татгалзахыг уриалж байна.

Колоничлолын орчин үеийн хэлбэрийг эсэргүүцэх Оросын санаачилгыг Африкийн бараг бүх улс дэмжсэн гэж ОХУ-ын НҮБ дахь байнгын төлөөлөгчийн орлогч Анна Евстигнеева мэдэгджээ. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Дөрөвдүгээр хороо аравдугаар сард «Колоничлолын орчин үеийн хэлбэрийг эсэргүүцэх тухай» тогтоолыг баталсан байна. Тогтоолын төслийг НҮБ-ын дүрмийг хамгаалах найзуудын бүлэг Оросын идэвхтэй оролцоотойгоор боловсруулжээ.
Тогтоолыг 85 улс дэмжиж, 49 улс эсэргүүцэн, 23 улс түдгэлзсэн аж.
«Африкийн бараг бүх улс манай санаачилгыг тодорхой дэмжсэнийг бид үнэлж байна» гэж Евстигнеева РИА Новостид өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тогтоолд улс орнуудыг бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, эдийн засгийн дарамт үзүүлэх, технологийн хөгжлийг нь хязгаарлах зэрэг колоничлолын орчин үеийн арга барилаас татгалзахыг уриалжээ. Мөн улс орон бүр улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн замаа бие даан тодорхойлох эрхтэйг баталгаажуулсан байна.
Тогтоолыг 19 улс хамтран өргөн барьсан бөгөөд тусгай улс төрийн асуудал болон колоничлолоос ангижрах асуудлыг хариуцдаг Дөрөвдүгээр хороо баталсан юм.



