Конгогийн цэргийн шүүх босогчидтой тулалдаанаас зугтсан 66 цэрэгт цаазаар авах ял оноожээ
Цэргийн удирдлага шүүх ажиллагааг зэвсэгт хүчний сахилга батыг сэргээх хүчин чармайлтын нэг хэсэг гэж тайлбарлаж байна.

Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улсын цэргийн шүүх зүүн хэсэгт босогчидтой тулалдах үеэр албанаас оргосон, бослого гаргасан, тушаал биелүүлээгүй зэрэг хэрэгт 66 цэрэгт цаазаар авах ял оноосныг нутгийн хэвлэлийг иш татан Африканьюс телевиз мэдээлжээ.
Хойд Киву мужийн Валикале хотод 71 цэргийг шүүсний дөрвийг нь цагаатгаж, нэгэнд 10 жилийн хорих ял оноосон байна.
Цэргүүд 10 дугаар сарын 20-нд босогчидтой мөргөлдөх үеэр байрлалаа орхисон гэх мэдээллийн дагуу хэрэг үүсгэсэн юм.
Хэдхэн долоо хоногийн өмнө фронтоос ухарсан гэх үндэслэлээр өөр 27 цэрэгт цаазаар авах ял оноож байжээ.
Конгогийн зүүн хэсэгт засгийн газрын цэрэг болон Руанда дэмжигч М23 зэрэг зэвсэгт бүлгүүдийн хооронд олон жил хүчирхийлэл үргэлжилж байна. Тус улсын арми зохион байгуулалт муу, тоног төхөөрөмж хангалтгүй, цалин бага гэж шүүмжлэгддэг.
Конго 2024 оны 3 дугаар сард цаазаар авах ялыг хорин жилийн дараа сэргээсэн бөгөөд засгийн газар цэрэг доторх урвалт, хүнд гэмт хэрэгтэй тэмцэхэд хатуу шийтгэл хэрэгтэй гэж тайлбарласан.
Хүний эрхийн байгууллагууд уг шийдвэрийг буруушаасан ч хоригийг цуцалснаас хойш цаазаар авах ял гүйцэтгэсэн тохиолдол албан ёсоор мэдээлэгдээгүй байна.



