KPop Demon Hunters хүүхэлдэйн киноны дэлхийн аялан тоглолт ирэх зургадугаар сард эхэлнэ
Аялан тоглолтын хүрээнд 2027, 2028 онд 50 шахам хотод 150 гаруй тоглолт болно.

KPop Demon Hunters хүүхэлдэйн киноны баатрууд тайзан дээр гарч, дэлхийгээр аялан тоглоно. 670 сая гаруй үзэлттэй энэ кино Netflix-ийн хамгийн их үзэгдсэн кино юм. Аялан тоглолт зургадугаар сарын 5-нд АНУ-ын Балтимор хотоос эхэлнэ.
Golden World Tour нэртэй энэ аялан тоглолтын хүрээнд 2027, 2028 онд Хойд Америк, Европ, Ази, Номхон далайн бүс нутаг, Латин Америкийн 50 шахам хотод 150 гаруй тоглолт болно гэж Netflix бямба гарагт мэдэгдлээ. Netflix эхний ээлжинд ирэх оны зургадугаар сараас аравдугаар сар хүртэл Хойд Америк, Европт болох 61 тоглолтын хуваарийг гаргасан бөгөөд бусад бүс нутгийнхыг хожим зарлана.
Mastercard ивээн тэтгэж, Netflix, AEG Presents хамтран бүтээж буй энэ аялан тоглолт аренагуудад болно. Тоглолтод хүүхэлдэйн дүрс, тайзны дэвшилтэт технологи, амьд трюк, мэргэжлийн бүжигчдийг хослуулж, киноны ер бусын ертөнцийг тайзан дээр амилуулна.
Үзэгчдийн оролцоотой энэ шоуны үеэр үзэгчид Huntrix хамтлагийн гишүүд Руми, Мира, Зои нартай харилцах боломжтой. Huntrix бол шүтэн бишрэгчдээ ер бусын аюулаас нууцаар хамгаалдаг, зохиомол K-pop охидын хамтлаг юм.
Тайзан дээр өрсөлдөгч Saja Boys хамтлаг, шүтэн бишрэгчдийн хайртай бар Дерпи мөн гарна. Үзэгчид дуулж, бүжиглэн Huntrix-д Хонмүнийг битүүмжлэхэд тусална.
Шоуг 25 жилийн туршлагатай найруулагч Эми Тинкхэм найруулна. Тэрбээр өмнө нь Disney компани, Cirque du Soleil цирк, Aerosmith хамтлаг, Пол Маккартни, Мэрайя Кэри нарын амьд тоглолтыг найруулж байсан юм.
“KPop Demon Hunters санаандгүй хит болсноо бүтэн үеийнхний үзэгдэл болон хувирлаа” гэж Netflix-ийн маркетингийн ерөнхий захирал Мариан Ли мэдэгдэлдээ дурджээ. Аялан тоглолт киноны Takedown дууны эрч хүчийг дэлхийн аренагуудад хүргэж, шүтэн бишрэгчдэд энэ түүхэнд хамтдаа оролцох боломж олгоно гэж тэрбээр хэлэв.
Netflix-ийн мэдээллээр 2025 оны зургадугаар сарын 20-нд нээлтээ хийсэн энэ хүүхэлдэйн мюзикл Netflix-т 670 сая гаруй үзэлт авсан байна. Киноны дууны цомгийг дэлхий даяар 15 тэрбум гаруй удаа сонссон байна.



