Кувейт Тэргүүн шадар сайдыг алахаар завдсан, Иранд тагнуул хийсэн гурван хүнд цаазаар авах ял оноов
Шүүх гадаадын байгууллагын зааврын дагуу дотоодын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг алахаар бүлэг удирдсан нь төрийн эсрэг дайсагнасан үйлдэл гэж дүгнэжээ.

Кувейт Тэргүүн шадар сайдыг алахаар завдсан, Ирантай хамтран ажилласан, Хезболла бүлэглэлд нэгдсэн хэргээр гурван хүнд цаазаар авах ял оноожээ. Кувейтийн эрүүгийн шүүх мөн өөр найман хүнд таван жилийн хүнд хөдөлмөртэй хорих ял оноосныг орон нутгийн хэвлэлүүд даваа гарагт мэдээлсэн гэж Нэшнл сонин бичжээ.
Шүүхийн шийдвэрээр гурван эр Кувейтийн үндэсний ашиг сонирхолд хохирол учруулсан, Иранд тагнуул хийсан, Тэргүүн шадар сайд, Дотоод хэргийн сайд Шейх Фахад Юсеф Сауд Аль-Сабахыг алахаар завдсан, Ливаны зэвсэгт бүлэглэл Хезболлад нэгдсэн хэргээр буруутай гэж тогтоогджээ.
Шүүхийн дүгнэлтээр гадаадын байгууллагын зааврын дагуу Кувейт дотор бүлэг удирдан дотоодын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг алахаар оролдсон нь төрийн эсрэг дайсагнасан үйлдэл юм. Ийм үйлдэл үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж, үймээн самуун тарааж, эрх баригчид хүмүүсийн амь нас, эд хөрөнгийг хамгаалж чадна гэсэн олон нийтийн итгэлийг сулруулахыг зорьсон гэжээ. Шүүх үндэсний аюулгүй байдал бол нийт нийгмийн эрх бөгөөд Кувейтийн бүрэн эрхт байдлыг гадаадын хүчин, тэдний заавар сорьж болохгүй гэдгийг онцолжээ.
Кувейтийн аюулгүй байдлын алба 8 дугаар сард тус улсын амин чухал дэд бүтцийг онилсон террорист төлөвлөгөөг таслан зогсоож, Исламын улс бүлэглэлтэй холбоотой сэжигтнийг халдлага үйлдэхээс нь өмнө баривчилсан юм. Энэ онд Персийн булангийн орнууд Ираны халдлага, Ираны дэглэмийг өрөвдсөн дотоодын хуйвалдаанаас үүдэлтэй аюулгүй байдлын сорилттой тулгарч байна.
Кувейт энэ оны 3 дугаар сард Ливаны Хезболла бүлэглэлтэй холбоотой гэж буруутгагдсан хэдэн арван хүнийг баривчилсан. Дотоод хэргийн яамны мэдээлснээр, зургаан хүн тагнуул, террорист үйл ажиллагаа, тэр дундаа хүн алах ур чадварын сургалтад хамрагдсанаа хүлээсэн бөгөөд тэдний тав нь Кувейтийн иргэн байв. Яам мөн Кувейт, Ливан, Ираны иргэд зэрэг өөр 14 сэжигтнийг улсаас гадна байгааг тогтоосон байна.
Өөр нэг хэргээр эрх баригчид Ираны дэмжлэгтэй бүлэглэлд харьяалагддаг Кувейтийн 14, Ливаны хоёр иргэнийг Персийн булангийн энэ улсад хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар төлөвлөсөн хэргээр саатуулжээ.


