Квебекийн шинэ засгийн газар Трампын тарифтай тэмцэх бие даасан баг байгуулж байна
Вашингтонтой хэлэлцээ хийхэд Канад ганц л хэлэлцээчтэй байх ёстой гэж тус улсын Ерөнхий сайд Марк Карни үзэж байна.

Канадын Квебек мужийн шинэ засгийн газар Дональд Трампын тарифтай тэмцэх зорилгоор АНУ-тай худалдааны асуудлаар ажиллах бие даасан баг байгуулж байна.
Newsweek сэтгүүлийн мэдээлснээр, “Квебекийн баг” хэмээх энэ санаачилгыг мужийн Ерөнхий сайд Пол Сен-Пьер Пламондон удирдаж байна. Тэрбээр тусгаар тогтнолыг дэмждэг Квебекийн намын дарга юм. Уг баг Америкийн тарифт өртсөн хөнгөн цагаан, мод бэлтгэл, боловсруулах үйлдвэр зэрэг Квебекийн салбаруудыг хамгаалахыг зорино.
Сен-Пьер Пламондон мөн АНУ-д шинээр болон дахин сонгогдсон 59 сенатор, захирагчид захидал илгээж, Квебекийн төлөөлөгчтэй шууд хамтран ажиллахыг урьжээ. Захидлын нэгэнд 2025 онд Квебек, Техас хоёрын худалдааны эргэлт 10 тэрбум орчим ам.доллар байсныг дурджээ.
Харин холбооны засгийн газрыг тэргүүлдэг Канадын Ерөнхий сайд Марк Карни үүнийг эсэргүүцэж, Вашингтонтой харьцахад Канад ганц л хэлэлцээчтэй байх ёстой гэв. “Хэлэлцээнд нэг хэлэлцээчтэй байх нь үргэлж зөв. Энэ бол засгийн газрын үүрэг” гэж Карни хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Үүний хариуд Сен-Пьер Пламондон хэлэхдээ, Карни бол түүний дарга биш, Квебек олон улсад өөрийгөө төлөөлдөг уламжлалаа үргэлжлүүлэхэд Карни саад болж чадахгүй гэв.
Шинэ багийг Квебекийн хууль тогтоогч асан Паскаль Паради ерөнхий хэлэлцээчийн хувиар ахална. Тэрбээр Америк, Канадын эрх баригчидтай тарифын хэлэлцээ дахин эхлэх үед засгийн газрын ахлах дипломатч, хэлэлцээчээр ажиллах аж. Уг баг хэзээ ажиллаж эхлэх, бүрэлдэхүүн, төсөв нь ямар байхыг хараахан зарлаагүй байна.
Квебекийн статистикийн хүрээлэнгийн мэдээллээр, 2025 онд Квебек, АНУ-ын худалдааны эргэлт 91 тэрбум орчим ам.доллар байсан бөгөөд Квебек 61 тэрбум орчим ам.долларын бараа экспортолж, 30 тэрбум ам.долларын бараа импортолжээ. 2025 онд Квебекийн олон улсын экспортын бараг 70 хувь нь Америкийн худалдан авагчид очсон.
Бүрэн эрхт байдал, франц хэлний хамгаалалт, соёлын бодлоготой холбоотой АНУ-ын шаардлагын улмаас Канад наймдугаар сард худалдааны хэлэлцээгээ түр зогсоосон бөгөөд түүнээс хойш хоёр орон тохиролцоонд хүрч чадаагүй байна. Трампын засаг захиргаа Канадын хэдэн тэрбум ам.долларын бараанд 50 хувийн тариф ногдуулсан юм.



