Шинжлэх ухаан

Канадад ээж охин хоёрыг хөнөөсөн дөрвөн гризли баавгайг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоож, устгажээ

Хохирогч ээж охин хоёр гэрийнхээ ойролцоох жимээр зугаалж яваад амь үрэгдсэн юм.

Fox News2 мин унших

Зураг: Fox News

Канадын Бритиш Колумби мужид ээж охин хоёрыг хөнөөсөн халдлагад дөрвөн гризли баавгай оролцсон нь ДНХ-ийн шинжилгээгээр тогтоогдож, байгаль хамгаалагчид дөрвүүлийг нь устгасныг албаныхан Мягмар гарагт зарлалаа.

Бритиш Колумбийн Байгаль хамгааллын албаны мэдээлснээр, насанд хүрсэн эм гризли болон гурван бамбарууш нь 48 настай Женнифер Балкаррас, түүний 20 настай охин Сэла Рид нарын Белла Кула орчимд амь үрэгдсэнтэй холбоотой болохыг шүүх эмнэлгийн шинжилгээ баттай тогтоожээ.

Fox News телевизийн мэдээлснээр, тус алба арваннэгдүгээр сарын 10-ны мэдэгдэлдээ баавгайнуудыг амралтын өдрүүдэд барьж, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор мужийн журмын дагуу устгасан гэжээ. Баавгайнууд хүнийг олз болгох гэж дайрсан байх магадлалтай гэж мөрдөн шалгагчид дүгнэжээ.

“Энэ бол гэр бүлүүд, Нухалк үндэстэн болон Белла Кулагийн иргэдийн хувьд зүрх шимшрэм явдал байлаа” гэж байцаагч Жефф Тайр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Урлаг эмчилгээний мэргэжилтэн Балкаррас охиныхоо хамт гэрийнхээ ойролцоох Снука Вест жимээр зугаалахаар гараад сураггүй болжээ. Балкаррас товлосон онлайн уулзалтад ороогүй тул гэр бүлийнхэн нь Канадын хааны морьт цагдаад хандсан байна. Мөрдөн шалгагчид түүний машиныг жимийн эхэнд олж, арваннэгдүгээр сарын 2-нд Балкаррасын, арваннэгдүгээр сарын 3-нд Ридийн цогцсыг илрүүлсэн юм.

Эдгээр дөрвөн баавгай 2025 онд Белла Кула орчимд сурагчид, багш нар зэрэг 11 хүнийг гэмтээсэн өөр нэг халдлагад оролцоогүй нь ДНХ-ийн шинжилгээгээр мөн батлагджээ.

Гризли баавгай хүнийг олз болгон дайрч, амь насыг нь хөнөөх тохиолдол ховор гэж тус алба мэдэгдээд, баавгай нутагладаг газраар аялагчдыг гэрийн тэжээвэр амьтнаа хөтөлж, бүлгээрээ явахыг зөвлөжээ.

Бусад мэдээ