Нью-Йоркт 15 настай сурагчийг буудаж хөнөөсөн хэргээр 17 настай хүүг баривчилжээ
Хүү нь сургуульд дээрэлхүүлж байсан нь аллагатай холбоотой байж болзошгүй гэж Гана гаралтай Жавитс Фримпонгийн аав үзэж байна.

Нью-Йорк хотод өнгөрсөн сард сургууль руугаа явж байсан өсвөр насны хүүг буудаж хөнөөсөн хэргээр 17 настай хүүг баривчилснаа цагдаа Лхагва гарагт мэдэгдсэн тухай Фокс Ньюс мэдээлжээ.
Нэр нь олон нийтэд зарлагдаагүй сэжигтэн 15 настай Жавитс Фримпонгийг 10 дугаар сарын 29-нд хөнөөсөн хүн амины хэрэгт яллагдаж байна.
Гана гаралтай цагаач Жавитс нь Бронкс дүүрэгт гэдэс рүүгээ буудуулж амиа алджээ. Хүү нь сургуульд байнга дээрэлхүүлж байсан нь аллагатай холбоотой байж болзошгүй гэж Жавитсын аав үзэж байна. Хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө сургуулийн захирал аавд нь утасдаж, хүүг нь дээрэлхэж байгааг мэдэгдэж, хоёр сурагчийг түр хассан байжээ.
“Дээрэлхсэн гэх асуудал бол бидний судалж буй нэг тал, бусад тал ч бий” гэж Нью-Йорк хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны дарга Жозеф Кенни өнгөрсөн долоо хоногт хэлжээ. Хохирогч ямар нэг бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцсон шинж тэмдэг байхгүй гэж тэрбээр хэлжээ.
Хүүгээ оршуулахаар Ганагаас АНУ-д ирэх Жавитсын ээжид Ерөнхийлөгч Дональд Трамп яаралтай виз олгохыг зөвшөөрснийг Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани 11 дүгээр сарын 2-нд мэдэгджээ.
Аллагын улмаас орон нутагт жагсаал болж, иргэд өсвөр насныхны хүчирхийлэл, дээрэлхэлтийг зогсоохыг яаралтай уриалсан байна.



