Техасын их сургуульд Тёрнинг Пойнт байгууллагын оюутнууд руу таягаар дайрсан гэх эрийг баривчилжээ
Сэжигтэн Сиро Томлианыг зэвсэг хэрэглэж хүндрүүлсэн халдлагын хоёр, бие махбодид гэмтэл учруулсан халдлагын нэг хэргээр буруутгаж байна.

АНУ-ын Техас мужийн Тайлер дахь их сургуулийн кампуст консерватив залуучуудын Тёрнинг Пойнт байгууллагын майхны дэргэд Мягмар гарагт оюутнууд руу дайрсан гэх эрийн хэн болохыг эрх баригчид тогтоосныг Фокс Ньюс мэдээлжээ. Тус байгууллагын үүсгэн байгуулагчийг өнгөрсөн жил алсан юм.
Смит тойргийн баривчлах бүртгэлд сэжигтнийг Сиро Томлиан гэж бичсэн байна. Эрх баригчдын хэлснээр, тэрбээр уг сургуулийн оюутан асан юм. Халдлагын үед тэрбээр тус сургуульд суралцаж байгаагүй байна.
Хэргийн бичлэгт нөмрөг, малгай өмссөн эр Америкийн тугийг газар шидэж, хэсэг бүлэг хүн рүү таягаар савж буй харагдана. Түүнийг зэвсэг хэрэглэж хүндрүүлсэн халдлагын хоёр, бие махбодид гэмтэл учруулсан халдлагын нэг хэргээр яллаж байна.
Бичлэгт сэжигтэн оюутнуудыг доромжилж хараажээ. Кампусын цагдаа нар ирж, түүнд гав зүүжээ. Гав зүүлгэсний дараа тэрбээр “Үг хэлэх эрх чөлөө нь үр дагавраас ангид байх эрх чөлөө гэсэн үг биш” гэж хэлсэн байна.
“Тайлер дахь их сургуулийн оюутан биш нэгэн этгээд гурван хүнд халдсан. Их сургуулийн цагдаа нэн даруй ирж, тэр этгээдийг баривчилсан” гэж их сургуулийн ерөнхийлөгч Жули Филли мэдэгдэлдээ дурджээ.
Смит тойргийн хорих төвд Томлиан хоригдож байна. Түүнд сургуулийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглосон байна.
Тёрнинг Пойнт байгууллагыг үүсгэн байгуулагч Чарли Кирк өнгөрсөн жил Юта Вэллигийн их сургуульд болсон арга хэмжээний үеэр алагдсан юм. Уг хэргийн сэжигтэн Тайлер Робинсон гэм буруугаа хүлээгээгүй. Түүний шүүх хурал 2028 оны 6 дугаар сард болохоор товлогджээ.



