Метагийн дэд бүтцийн дарга компаниас гарч, түүнийг Амазоны үүлэн үйлчилгээний удирдах ажилтан асан Дэвид Браун орлоно
Хөрөнгө оруулагчид компанийн хөрөнгийн зардлыг анхааралтай ажиглаж буй энэ үед Цукерберг дата төвүүдээ шинэ удирдагчдад даатгаж байна.

Метагийн дэд бүтцийн дарга, инженерчлэлийн хамтран удирдагч Сантош Жанардхан ирэх онд компаниас гарахаа Лхагва гарагт дотоод захидалдаа зарлажээ гэж уг захидлыг олж авсан Си Эн Би Си телевиз мэдээлэв. Тэрбээр 2009 оноос хойш Метад ажиллаж байгаа юм.
Амазон Веб Сервисийн ахлах дэд ерөнхийлөгч асан, 7 дугаар сард Метад шилжиж ирсэн Дэвид Браунд “бороохойг дамжуулах цаг болсон” гэж Жанардхан бичжээ.
Браун одоо Метагийн дэд бүтцийн ажлыг албан ёсоор удирдаж, Мета Компьют санаачилгын техникийн захирлаар ажиллана. Уг санаачилгыг компанийн ерөнхийлөгч, дэд дарга Дина Пауэлл Маккормик, техникийн удирдагч Даниел Гросс нар тэргүүлдэг.
Жанардхан шилжилтийн хугацаанд буюу 2027 оны эхний улирал хүртэл Браунд дэмжлэг үзүүлнэ гэж захидалдаа бичжээ. “Бид тэргүүлэх чиглэлийнхээ талаар дараагийн шийдвэрүүдийг гаргах энэ үед Дэйв уг ажлыг тодорхойлоход манлайлах цаг нь болсон” гэж тэрбээр онцолсон байна.
Энэ томилгоо Гүйцэтгэх захирал Марк Цукерберг дата төвийн үйл ажиллагааг шинэ удирдагчдын гараар өргөжүүлэхийг зорьж буйг харуулж байна. Энэ нь хөрөнгө оруулагчид Мета болон түүний өрсөлдөгчдийн хөрөнгийн зардлыг улам анхааралтай ажиглах болсон үетэй давхцаж байна. Цукерберг хиймэл оюун ухааны зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэт дата төв, дэд бүтцийг хөгжүүлэхдээ эдгээр шинэ удирдагчдад найдаж байгаа аж.
Мета саяхан гуравдугаар улирлын тайлангаа танилцуулахдаа энэ жилийн хөрөнгийн зардал 135 тэрбумаас 145 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаагаа мэдэгджээ. Компанийн чөлөөт мөнгөн урсгал 2.12 тэрбум ам.доллараар сөрөг гарчээ. Эс энд Пи Глобал Рэйтингс агентлаг 10 дугаар сарын сүүлээр Метагийн зээлжих зэрэглэлийн төлөвийг тогтвортойгоос сөрөг болгохдоо үүнийг харгалзсан юм.



