Лариса Долинагийн продюсер олны танил хүмүүсийн эрхийг хамгаалах сан байгуулахаар төлөвлөжээ
Продюсер Киркоров зэрэг 12 гаруй алдартай хүний нэрийг хууль бусаар ашигласан тохиолдол илрүүлжээ.

Оросын дуучин Лариса Долинагийн продюсер Сергей Пудовкин олны танил хүмүүсийн нэрийг хувийн ашиг сонирхол, луйврын зорилгоор хууль бусаар ашиглахтай тэмцэх сан байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
Пудовкины хэлснээр, сан нь хиймэл оюун ухаанаар уран бүтээлчийн нэр, дүрсийг зөвшөөрөлгүй ашиглаж хийсэн хуурамч бичлэгтэй тэмцэх юм. Түүний өмнө мэдэгдсэнээр, Долинагийн хуульчид түүнтэй холбоотой нийтлэл, коллаж, мемийг доромжлол агуулсан эсэхийг шалгаж, илэрвэл нэр төрөө хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах юм.
«Би мэдээллийн орчныг цэвэрлэх мэргэжлийн өндөр ур чадвартай сан байгуулахыг хүсч байна» гэж продюсер хэлжээ.
Пудовкин Долинагийн нэртэй нийтлэлүүдийг шалгах явцад Филипп Киркоров зэрэг бусад уран бүтээлчдийн нэрийг ашигласан олон тохиолдол илрүүлжээ. Түүний хэлснээр, Киркоровын хуурамч бичлэг нэгэн хувцасны брэндийг сурталчилж байсан ч дуучин үүнтэй ямар ч холбоогүй байсан бөгөөд жагсаалтад нь 12 гаруй хамгийн алдартай хүний нэр байна.
Долина 2024 оны зун луйварчид өөрийг нь Москвагийн төвд байрлах байраа зарж, мөнгөө тэдэнд өгөхөд хүргэсэн гэж мэдэгдсэн бөгөөд хэлцлийн маргаан Дээд шүүх хүртэл үргэлжилсэн юм. Дээд шүүх 2025 оны 12 дугаар сард байрны өмчлөх эрхийг худалдан авагч Полина Лурьед үлдээж, Долинаг гэмт хэргийн хохирогч гэж тогтоосон бөгөөд 2025 оны сүүлээр дуучинтай холбоотой мемүүд олноор гарч эхэлжээ.



